Тусгай хамгаалалттай газар нутгийг 2.1 хувиар тэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-17 18:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их Онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Мөн Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдэх аж. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2.1 хувиар өсөж, нийт газар нутгийн 19.8 хувийг хамрах юм.


Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Батзориг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Х.Болорчулуун, С.Жавхлан нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд Мөн тусгай хамгаалттай газар нутагт байгаа  өвөлжөө хаваржааны талаарх судалгаа, тухайн бүс нутагт мал аж ахуй эрхлэх боломжийн талаар тодруулав.


Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 3500 орчим өвөлжөө, хаваржаа байгааг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн гишүүд дурдлаа. Мөн дархан цаазат газраас бусад буюу байгалийн цогцолбор, дурсгалт газарт мал аж ахуй эрхлэх боломжтой гэдгийг онцолсон юм. Ийнхүү тогтоолын төслийг хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ