"Хүүхдийн хүмүүжилд эмэгтэйчүүд бидний оролцоо" сэдэвт чуулган зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-13 22:30:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөртэй хамтран "Хүүхдүүдийн хүмүүжилд эмэгтэйчүүд бидний оролцоо" сэдэвт эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг Өлгий хотноо өнөөдөр зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын ивээл дор болсон уг чуулганд аймгийн төв болон хөдөө сумдаас 300 гаруй төлөөлөгч оролцлоо.

Чуулганаар МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо" сэдэвт илтгэл тавьж, аймгийн Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагаас гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн хөгжил төлөвшилт дэх гэр бүлийн суурь хүмүүжил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн чуулганд оролцсон төлөөлөгчдөөс хүүхдийн хүмүүжлийн өнөөгийн тулгамдсан асуудлуудаар санал авав. Ирсэн саналуудыг үндэслэн хүүхэд бүрт өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх, сурч боловсрох, аюулгүй орчинд айдас, хүчирхийлэлгүй амар тайван амьдрах боломж бүрдүүлэх, хүүхдийг ардын уламжлалт аргыг орчин үеийн арга барилтай хослуулан хүмүүжүүлэх чиглэлээр 12 заалт бүхий уриалга гаргалаа. 

Холбоотой мэдээ