Монголын 22 аж ахуйн нэгж ОХУ-д бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-04-01 12:26:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд өнгөрсөн сарын 29-нд Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. 


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын бүс нутаг, тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Цаашид хоёр талын бизнес чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол зохион байгуулах нь чухал" хэмээв.


Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 22 аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулж байна.   


Түүнчлэн, өнөөдөр төлөөлөгчид Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэнгийн дэмжлэгээр Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэсний уран зургийн музейд нээлтээ хийсэн зураач Ж.Ойланы “Хөх тэнгэрийн орон” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхноос гадна Аж үйлдвэрийн парк, “Ориентал Вей” хувьцаат нийгэмлэг, “Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр” хувьцаат нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Холбоотой мэдээ