НАТО-гийн байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгист иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-29 10:12:42

МОСКВА. /RIA Novosti/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн байлдааны хөлөг онгоцууд Дарданеллы болон Босфорын хоолойгоор нэвтэрч Хар тэнгист иржээ. Хөлөг онгоцуудын зургийг “Twitter” хуудсанд нийтэлсэн байна.


“"Эвертсен", "Санта Мария", "Торонто", "Йылдырым", "Режеле Фердинанд" болон "Дръзки" хөлөг онгоц “Sea Shield” ажиллагааг явуулж, Украин, Гүржийн түншүүдтэйгээ хамтран ажиллана” гэж НАТО-гийн мэдээлэлд дурджээ.


НАТО-гийн хоёр хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 1-нд Одесс хотын боомтыг чиглэн хөдлөх төлөвтэй байна. “Канадын Хааны Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ "Торонто" харуулын хөлөг онгоц болон Испанийн ТЦХ-ий "Санта Мария" харуулын хөлөг онгоц бусад хөлөг онгоцны хамт Хар тэнгист хэд хоног эргүүл хийснийхээ дараа Одесст очно” гэж Украины “24 канал” телевиз мэдээлжээ.


НАТО Хар тэнгисийн бүсэд милитарист /цэрэг, зэвсгээр хөөцөлдөх/ бодлого хэрэгжүүлж байна. Тодруулбал, НАТО-гийн ТЦХ-ий бүрэлдэхүүнд ордог хөлөг онгоцуудын уг тэнгисийн бүсэд байх хугацааг өнгөрсөн жил сунгаж нэмэгдүүлсэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэл, мэдээллийн алба гуравдугаар сарын дундуур мэдэгдсэн байна.


Үүнээс гадна, Европын Холбоо болон НАТО Керчийн хоолойд болсон үйл явдалд Украины талын хувилбартай санал нэгдэж байгаа нь “Киевт зөвхөн милитарист үзлийг дэвэргэж, сөргөлдөөнийг үргэлжлүүлэх зорилготой байгаа хүмүүст дэмжлэг болно” гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.

 

Цэргийн хөлөг онгоцуудынхаа Хар Тэнгист байх хугацааг НАТО сүүлийн хоёр жилийн хугацаанд 80-120 хоног болгож нэмэгдүүлсэн гэж эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Роуз Гетемюллер урьд нь мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ