Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлнэ

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:40:46

 Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлж амьдралын чанарыг сайжруулах зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөрийг 2017 он хүртэл хэрэгжүүлнэ.

Тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2012 онд 4674, 2013 онд 5250, 2014 онд 5457 байгаа нь сүүлийн 3 жилд өссөн үзүүлэлттэй гарчээ. Тэдний  913 нь сэтгэцийн эмгэгтэй, 1184 нь хөдөлгөөний, 651 нь харааны, 813 нь сонсголын, 612 нь хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа бөгөөд 39,2 хувь нь буюу 2144 нь төрөлхийн, 3314 нь буюу 60,8 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 89,5 хувь нь хөдөлмөр эрхлэх насны хүмүүс байгаагаас 44,8 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хязгаарлагдмал чадавхи боломжийг ойлгож хүндэтгэх, онцлог хэрэгцээнд нь тулгуурласан үйлчилгээг сайжруулах замаар тэднийг дэмжин хөгжүүлэх, үүнд нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх шаардлагатай ба тус хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх замаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог нь нэмэгдүүлэх, ажилгүйдлийн түвшинг бууруулахад чиглэгдэж, нийгмийн хамгаалал, аж байдалд нь түлхүү анхаарснаараа онцлог ажээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр чөлөөтэй саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн барилга байгууламж, зам талбайн тоог 2 дахин нэмэгдүүлсэн, мэдээлэл хүртэх боломж сайжирч, нийгмийн амьдралд оролцох оролцоо нэмэгдсэн, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмших, ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжлийн сургалтын чанар, хүртээмжийг сайжруулж, хувиараа хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн тэдний хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бий болгож  2015-2017 онд 810 байнгын, шинэ ажлын байрыг бий болгосон зэрэг олон үр дүн гарсан байхыг зорьж байгаа аж.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд