“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль” маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-20 13:27:19

Ховд /МОНЦАМЭ/. "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг гуравдугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагт /орон нутгийн цагаар/ зохион байгуулна. 

Тус дадлага сургуульд гамшгийн аюулын зарлан мэдээллийн 5-8 дуут дохио, явуулын хөдөлгөөнт чанга яригч ашиглах бөгөөд Ховд аймгийн 17 сумын гамшгаас хамгаалах 12 алба, 39 мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүн, иргэд хөдөлмөрчид оролцох аж.    

Энэ хүрээнд иргэд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан орон сууц, өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд хэсэг хугацаанд зогсож хүлээх аж. Дараагаар нь гэр орон, барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж  буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарц, хаалгаар гарч, аюулгүй зай талбайд цугларах юм. 


Холбоотой мэдээ