Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газар мөрдөгдөх стандартад өөрчлөлт хийхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-04 17:50:23

Төв  /МОНЦАМЭ/.  Төв аймгийн  Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт  мөрдөх стандарт болон жижиглэн худалдаа түүний үйлчилгээнд мөрдөх стандартыг шинэчлэн тогтоох төслийг  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс санаачлан, санал авах хэлэлцүүлгийг төрийн үйлчилгээний нэгдсэн төвд өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт хэлтсийн дарга Л.Баярхүү, ахлах шинжээч Ч,Отгонцэцэг, шинжээч Т.Бямбадолгор, стандартын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Ж.Түвшинсүрэн нар шинэчлэгдэн боловсруулсан төслийг хэлэлцүүлэгт оролцож буй худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт танилцуулж мэдээлэл хийв. 

Шинэчлэгдэн боловсруулж буй стандартын төсөлтэй Зуунмод сумын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч 30 иргэн, аж ахуйн нэгж, аймгийн 27 сумын худалдаа, нийтийн хоол эрхлэгчдийн төлөөлөл оролцон танилцсан байна.

Худалдаа эрхлэгчдээс худалдааны газрын ангилал, нэршлийг тодорхой болгох, худалдааны газрын хүчин чадлаас хамаарч нэмэлт өрөө, үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байх, худалдааны барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар баригдсан байх зэрэг саналыг гаргасан байна.

Харин Хоол үйлдвэрлэлийн салбарт үйлчлүүлэгчийн хүлээн авах хүчин чадлаас хамааран нэмэлт өрөө, туслах байртай байх, ажиллах хүчний хувьд шинэ стандартаар 4 төрлийн ажилтныг шинээр бий болгох шаардлагатай гэсэн саналыг тавьжээ.

Сумын цайны газарт технологич заавал байх шаардлагагүй гэж үзсэн байна. Хоол үйлдвэрлэлийн технологийн хувьд зориулалтын ногооны агуулах, хөргөлттэй агуулах зайлшгүй шаардлагатай гэжээ. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлсэн байна.

Төв аймгийн хэмжээнд 500 гаруй худалдаа үйлчилгээний газар, 150 гаруй хоол үйлдвэрлэлийн газар үйл ажиллагаа явуулдаг хэмээн  Стандартын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Ж.Түвшинсүрэн мэдээллээ.



Холбоотой мэдээ