Тавдугаар ангийн массын олимпиадад 800 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-01 16:21:24

Ховд /МОНЦАМЭ/ Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эх хэлээрээ алдаагүй, зөв сайхан бичиж, бүтээлчээр уншиж, уран яруу найруулах авьяас  чадварыг  хөгжүүлэх зорилгоор 2018-2019 оны оны хичээлийн жилд “Цаст-Алтай” цогцолбор сургуулиас ”Эх хэл-Эрдмийн түлхүүр” сэдэвт монгол хэлний тавдугаар ангийн массын олимпиадыг хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. 

Тус олимпиадад Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн тавдугаар ангийн 26 бүлгээс 800 гаруй хүүхэд оролцжээ. Үүнээс 6 бүлгийн 200 гаруй сурагч олимпиадад амжилт үзүүлж, шагналаа гардан авсан юм. Тухайлбал, олимпиадын тэргүүн байрт Цаст-Алтай сургуулийн Б.Ариунаа багштай 5а анги, хоёрдугаар байрт Прогресс сургуулийн М.Түмэнбаяр багштай 5б анги, гуравдугаар байрт Лаборатори нэгдүгээр сургуулийн Б.Наранцэцэг багштай 5в ангийн хамт олон шалгарсан байна.

Өнгөрсөн хичээлийн жилд Цаст-Алтай цогцолбор сургууль математикийн тавдугаар ангийн массын олимпиад зохион байгуулж байсан бол, энэ хичээлийн жилд монгол хэлний тавдугаар ангийн массын олимпиадыг нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байлаа. Тус олимпиадыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, Цаст-Алтай цогцолбор сургуулийн 1998 оны төгсөгч Батжаргалын Нямдаваа ивээн тэтгэсэн юм. 

Энэхүү массын олимпиадын үр дүнд  сурагчид эх хэлээрээ алдаагүй зөв бичих, ярих, бүтээлчээр унших аргад суралцаж, бага боловсролын төгсөх ангийн улсын шалгалтад бэлтгэхэд томоохон дэмжлэг болж байгааг зохион байгуулагчид онцолсон юм. 

                                                                                                                                                                                              Н.Лхагва            

Холбоотой мэдээ