Далай ламын онлайн номын хурал Бөхийн өргөөнд болж байна.

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-28 15:55:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын айлтгал хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай лам анх удаа монголчуудад зориулан онлайнаар ном айлдаж байна.

Монголын сүсэгтэн олонд зориулсан “Монгол Сүнчой-2019” хэмээх онлайн номын айлдвар өнөөдрийн 10:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд эхэлсэн юм. Тус номын хурлыг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон “Ламын гэгээн монгол сүнчой” төрийн бус байгууллага хамтран үнэ, төлбөргүй зохион байгуулж байна.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн онлайн айлдвараар “Их Богд Зонхова ламын шүтэн барилдлагын магтаал”, “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” зэрэг хоёр номыг айлдах аж. Айлдварын үеэр сүсэгтэн олноо 108 лам  ном хурж, Дээрхийн Гэгээнтний адислаж, равнайлсан зангиа, үрэл, рашаан, утлага хүртээх юм. Энэхүү номын буяны эхэнд төвөд хэлний нэрт орчуулагч, Пүрэвийн Бадрал ламтны шүлэг, хөгжмийн зохиолч МУСТА С.Батболдын ая “Надтай адил нартай дэлхий” дууг  Баянхонгор аймгийн Нэгдүгээр сургуулийн Г.Ганчимэг багштай найрал дууны 113 хүүхэд дуулж сүсэгтэн олныг баясгасан байна.

Холбоотой мэдээ