З.Алтангэрэл:Хамарын хийдийг сэргээн босгосноор аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-01 12:45:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Цуврал. Өмнөх нь 2019.01.28-ны дугаарт 

Нэг түүхэн дурсгалт газар, өв соёлыг сэргээн босгоход л орон нутагт ямархуу хөгжил дэвшил, хүн зонд ямархуу үнэ цэнэтэй зүйл авчирдаг талаар Алтангэрэл гуай ярив.

Сайншандад жилийн дөрвөн улиралд буудал, ресторан, жижиг хоолны газар, дэлгүүр, авто тээврийн үйлчилгээ зогсолтгүй ажиллаж Улаанбаатар-Сайншанд-Хамарын хийдийг зорьсон автобус, унаа байнга зорчиж буй нь мөнөөх л  үнэ цэнэ нь оршиж буй түүхэн дурсгалт газар, өв соёл, шүтээний утга учир  байх. 

-Ноён хутагтын бүтээл туурвилыг судалсан эрдэмтэд олон. Гэвч судалгааны эргэлтэд оруулаагүй бүтээл туурвилууд буй гэж сонссон?    

-Өмнөх нийгмийн үед Ц.Дамдинсүрэн гуай, Д.Цагаан багш, доктор Д.Ёндон, академич Л.Хүрэлбаатар гуай гээд судлаач эрдэмтэд гол төлөв яруу найргийн талаас зохиол бүтээлийг нь эмхтгэн хэвлүүлж байсан. Бүтээл туурвилаас нь төвд судлаач доктор, Д.Ёндон гуай, Ч.Алтангэрэл гуай орчуулж эмхтгэж л байсан.

Гэхдээ бүтээлүүдэд нь шашны талаас үнэ цэнэ нь ямар вэ гэдгийг бурханы шашны нууц тарнийн аргад суралцсан эрдэмтэй хүн л хэлэх учраас ийм хүнийг сураглаж явсаар төвдүүдтэй холбогдсон.

-Шинжлэх ухааны академид ажиллаж байсан эрдэмтэн Ч.Алтангэрэл гэдэг хүн Данзанравжаа нууц тарнийн дөрвөн дандрыг эрхшээсэн агуу их мастер хүн байжээ гэж дуу алдсан байдаг.

Бурханы шашны нууц тарнийн чиглэлийн бясалгал нямба хийдэг хүмүүстэй уулзаж ч байлаа.  Өмнөд Энэтхэг дэх улааны шашны томоохон төлөөлөгч,  их багш нэгэн эрхэм хүмүүнтэй уулзаж өнөөх номуудаа үзүүлэхэд тэр хүн сар гаруй хугацаанд судлаад ихээхэн гайхсан. Аугаа хүн байна. Энэ хүн нууц тарнийн оргилд хүрч, шат бүрдээ хүний хөгжлийг харуулсан номуудыг судалж оройд нь хүрчээ.

Бурхны номын оройд хүрсэн гэгээрсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт бий.Тэр жагсаалтаас үзэхэд мөн л Данзанравжаа нэрээр бичигдсэн байна гэсэн. Би тэр хүнээс Ноён хутагтын бүтээл туурвилын талаар хутагтын мэндэлсний 215 жилийн ойгоор манай нутагт ирж эрдэм шинжилгээний хуралд оролцож бидэнд ярьж өгөөч гэж хүсэлт тавихад ирсэн.

Ингээд энэ шашны ном судрыг нь тусад нь эмхтэл болгоод хэвлүүлье гэсэн санаагаа наадам зохион байгуулах комисст уламжилсан ч ой тэмдэглэх олон ажил төлөвлөсөн учраас үүнд орон нутгаас хөрөнгө мөнгө гаргаж чадаагүй.

 

 Хүслийг гүйцээгч Ханбаянзүрх хайрхан

 -Түүхэн дурсгалт газар, соёлын өвийг цогцоор нь сэргээж олны хүртээл болгоход л эргээд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжийг нээж байна? 

-Ерээд оноос эхэлж хийдийн орчим буй үл хөдлөх дурсгалыг сэргээж, эд өлгийн зүйлсийг гаргаж олны хүртээл болгосон. Үүнийг тойрсон бусад дурсгалын зүйлсийг дахин сэргээснээр Дорноговьд аялал жуулчлал хөгжиж, Хамарын хийдийг зорьсон сүсэгтэн олны цуваа ихэссэн дээ.

Зөвхөн Хамарын хийд орчмын аялал жуулчлалаас аймгийн төсөвт жилдээ 200 гаруй сая төгрөг ордог тоо буй. Үүнээс гадна буудал, хоолны газар, шатахуун түгээс станцууд, хувь хүмүүс өдий төдий төгрөг олж байна.

Аялал жуулчлал хамгийн эрчимтэй хөгжиж буй газар Хамарын хийд боллоо гэж улс даяар ярьж буй.Энэ бол түүх дурсгал, соёлын өвийг сэргээсний үнэ цэнэ. Хүмүүсийн үзэж харах зүйлийг нэг удаа бий болгоход л энэ нь мөнгө өгдөг бизнес болон хувирч байна.

Түүх дурсгалаа сэргээгээд эхэлтэл олон хүний хөл хөдөлгөөн буй болж Хамарын хийд рүү явдаг замыг там болгоод газар нутгаа сүйтгэж эхэлсэн.Хүмүүс Хайрхан уул руу гарахдаа хаагуур ч хамаагүй зам гаргаад л уулаа нураах маягтай.

Энэ нь миний хийж буй үйлтэй холбоотой учраас эмзэглэж байлаа.Тиймээс Сайншанд-Хамарын хийд рүү зам тавиулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж тухайн үеийн засаг төрдөө уламжилж үйлс нэгт нөхдөөр дэмжүүлээд замтай болж байлаа.

Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. Мөн Хайрхан ууланд дээш авирах зориулалтын шат барьсан  нь хэрэг болсон доо. Эдүгээ одоогийн засаг төр Хайрхан руу зам тавих нь гэсэн сураг чимээ  сонссон.

-Манай аймгийнхан ноён хутагтаа сайн мэднэ. Зориод ирсэн хүмүүст газар орноо, ноён гэгээнтнээ тайлбарлан таниулаад сурчихсан.Шүтээн нь болчихсон. Нутгаараа бахархаж, нутгаа шүтэж хайрласны хариуд энэ өв соёлдоо тулгуурлан аялал жуулчлал эрхэлж, орлого олж амьдарч байна. Хамарын хийд зөвхөн Дорноговийнхны  төдийгүй бүх монголчуудын  сэтгэлийн хойморт бат суусан. 

-Гадаадын аялагчид их ирдэг бололтой юм. Тэр тусмаа тусгай сонирхлын аялагчид?

 -Алдарт жүжигчин Ричард Гир манай Хамарын хийдэд ирсэн. Буддист шашинтай энэ хүн цаанаа бодолтой ирсэн байх.

Японы ханхүү эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Орчуулагчаар нь ажиллаж байсан хүн надад хэлэхдээ “Япон орон даяар хаантай болохын төлөө залбирч байгаа.

Та залбирч өгөөрэй. Дандаа охидууд буй. Хүү төрөөгүй” гэж хэлсэн. Япон хүн бишгүй л ирсэн. Гэхдээ Японы хааны угсааныхан мухар сүсгээр ирэхгүй нь ойлгомжтой.

Япон хүмүүс заавал судалж, танилцаж л ирдэг. Аялал жуулчлал хөгжөөгүй, зам харгүй тавигдаагүй байхад төмөр замаар арваад цаг явж энэ газар нутаг, оюуны сав болсон хийд орныг зорьж ирнэ гэдэг нь энд маш их үнэ цэнэ байна гэсэн үг.

Төвдийн нууц тарнийн их бясалгалч хүмүүс сэмхэн ирж уулзаж л байлаа, Норвегийн Их хурлын дарга эмэгтэй, Оросын телевизээр гардаг, дэлхийд танил болсон кино аялагчдын клубын хөтлөгч, мөн ”Хаан” банкны захирал байсан Питер Морров ирж л байсан.

Оросын эрдэмтэн, зураач Николай Рерихийг төвдүүд Шамбалын оронд очоод үзчихсэн хүн гэж үздэг. Тэр хүн “Гэгээн шамбал” гэдэг зохиолдоо Шамбалын орон Монголын говьд байдаг. Үүнийг хүмүүс уламжилж хадгалж байдаг гэх зэргээр бичсэн нь бий.

 

Шамбалын орны суварга

 -Энэ их өв соёлыг хадгалж хамгаалж, тээж явахад тохиолдож буй хүндрэл бэрхшээл бишгүй  гардаг байх?

 -Харамсдаг зүйл нь үр хүүхдийнхээ ирээдүй, хичээл сурлагад анхаарч чадсангүй дээ. Зав гарвал Хамарын хийд рүүгээ явчихдаг. Амьдрал маань ч олны дунд  өнгөрлөө.

Ямар ч үйл ажил санхүүгийн боломжид суурилдаг. Энэ бүгдийг сэргээн засварлах, олны хүртээл болгоход цэвэр аргаар мөнгө босгох учиртай байсан. Манай гэрийн бүл тухайн үед зөвхөн өмнөх ажлаа л хийхээс бизнес, наймаа арилжаа хийж байсангүй.

Заримдаа хэцүү санагддаг байсан. Жуулчны бааз байгуулах гээд хувиараа “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”-наас арилжааны зээл авч үүнээс олох орлогоо нөгөө л сэргээн босгох, өв соёлын ажилдаа зарцуулж явсаар банк зээлээ нэхэж сандаргаад л, гэр орон ахуй амьдрал минь хаягдаж л байлаа.

Гэлээ ч уулзаж учирсан хүмүүстээ үүх түүхээс нь өгсүүлээд хэлж ойлгуулж, Хамарын хийд рүүгээ янз бүрийн хүмүүстэй хамт хэдэн зуун удаа явсаар жуулчны зам харгуйг гаргасан. Хамтран зүтгэгчид, нутгийнхан маань ч ирсэн зочин гийчэнд бидний үйл хэргийг хэлж ярьж ойлгуулдаг байлаа.

 Эмзэглэдэг зүйл юу байгаа бол?

 -Эртний эдлэл худалдан борлуулж, бизнес хийдэг хүмүүс, ченжүүд энийг нь, эсвэл тэрийгээ өгчихөөч, сольж авъя гэх зэргээр санал тавьдаг. Өөрийнхөө амрыг бодоод, гэр бүлээ бодоод хүнд арилжчихъя гэвэл үүн шиг амархан юм байхгүй.

Нэг сэлмийг авъя гээд л Японы Элчин сайдын ажилтан санал тавьж байсан. Бүр хоёр жип машин өгье гэж. Тэгж болохгүй. Миний өмнөх үеийн тахилч нар амь шигээ хайрлаж хамгаалж ирсэн. Энэ цаанаа нарийн учиртай гэж хэлдэг.

Өвөрмонголын Хөх хотын Их сургуулийн багш Баатар гэх хүн музейд буй модон барыг 500 гаруй мянган юаниар  авья  гэхэд нь  болохгүй гэсэн. Бас нэг зүйлийг хэлэхэд музейг улсын болгох санал олон удаа тавьсан.

Хэцүү юм билээ. Нэг удаа музейчдын тооллого болоход үүнийг хувийн музей гээд буцаачихсан. Халаалт дулаанаас өгсүүлээд дотор нь ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулах асуудал гардаг. 

Үйлс зорилгыг минь ойлгосон хүмүүс л тусалж дэмждэг юм. Хосгүй үнэт зүйлстэй музей, ажиллах хүмүүсийнх нь цалинг батлах боломж байна уу гэтэл хувийн музей л гэдэг. Тэгэхээр надад гомдолтой санагддаг юм. 2006 онд Ноён хутагтын нас барсны 150 жилийн ойгоор Юнейскод бүртгүүлж, дэлхий нийтэд танилцуулсан байдаг.

-Тахилчийн ажил нарийн дэг журамтай дээрээс нь эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах, өв соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлэх хүндтэй үүрэгтэй хүмүүс гэж би ойлгосон?

 Энэхүү өв соёл, эд өлгийн зүйл Алтангэрэл гэдэг хүний эсвэл манай гэр бүлийн өмч биш ээ. “Үр хүүхдүүддээ энэ бүхэн та нарын өмч биш.Хүүхдүүд минь өөрсдийнхөө хүчээр, хүнд хэрэгтэй зүйл хийж амьдар” гэж хэлдэг. Эцэг дээдэс, өмнөх үе үеийн тахилч нар ч мөн ийм л бодол сэтгэлтэй явж ирсэн.

Хүүхдүүд маань ч тусдаа ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа.Уг нь би амархан баяжихаар байгаа биз дээ. Хүмүүсийн зарим нь чи яахаараа жип унаад явж байдаг юм гэдэг. Би баян хүн.

Энэ өв соёлыг бүрэн бүтэн байлгаж хойч нийгэмдээ үлдээхийн төлөө ажиллаж байгаа сэтгэл зүрхийг минь ойлгодог 20-30 хүн надад байна. Тэд тусалдаг. Нэг юм хийе гэвэл дагаад л явна. Таны машин хуучирчихаж гээд нийлээд унаа аваад өгчихдөг.

Миний амьдралд өвдөх янз бүрийн зүйл гарахад тэд л тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн хүндлэл сайхан юм. Хутагтын буй болгосон өв соёл, бүх зүйлд сэтгэлээсээ хандаж буйн шагнал юм  гэж боддог.

Тахилч бол өөрийнхөө ам насаар дэнчин тавьж энэ бүх зүйлийг хадгалж хамгаалж бусдын гар хөлд үрэгдүүлэхгүйн төлөө амьдралаа зориулж ирсэн. Би багадаа үүнд бэлтгэгдэж байлаа.

Хатуу хөтүүг туулж, амьдралд суралцах,түүхэн дурсгалаа танин мэдэх, уул агуйд суугаад бясалгал хийхийн учир юун тухай байдаг гээд. Тахилч нар энэхүү өд өлгийн зүйлийг хадгалж, хайрлан хамгаалах ажлыг тухайн цаг бүртээ хийж явсан.

Энд хувь хүн хүчин мөхөстөх цаг байлаа. Эд зүйлс бүр бидний өмч биш. Энэ бол хатуу бэрх цаг хугацаа дагуулж дараагийн үед хүргэх ёстой тахилч нарын л ажил байсан. Социализмын  үед хувьсгалын эсэргүү болчихгүйн тулд өөрсдөө нуугдаж эд өлгийн зүйлсээ ч нууж явсан байдаг.

Хутагтын тахилч Балжинчойжоо албаа өөрийн бэлтгэсэн хүү Ган-Очиртоо, Ган-Очир хүү Наръяадаа, Наръяа хүү Онгойдоо уламжлуулсан. Онгой Гомбодоо, Гомбо хүү Түдэвтээ уламжлуулснаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн он жилийг хүргэсэн. Энэ хугацаанд тахилч нар маш олон зүйлийн мэдлэгийг хүүхдүүддээ уламжлуулсан байдаг юм.

 -Та өвөөтэйгөө захидлаар харилцдаг, захиагаа хуучин монгол бичгээр бичдэг байсныг ном эх сурвалжаас уншиж байсан?

 -Сургуульд байх үед өвөө намайг өөрөөсөө холдуулахгүй байхын тул захиа бичдэг байсан. Бичихдээ хуучин монгол бичгээр сайхан сургааль үгтэй захиа ирүүлдэг. Харин би юу ч хамаагүй бичнэ дээ.

 -Захидалд юу өгүүлэх юм?

 -Хөдөө нутагт өвөлжөө хаваржаа ямар байгаа, ах дүү хамаатан садны амьдрал, мал ахуй, уламжлалт соёл, технологи гээд олон сэдвээр бичнэ.Тухайлбал зэврээд байгаа төмрийн дайсан нь ус юм.

Тэгэхээр усны эсрэг шохой эсвэл тос гээд л. Шохой тосыг хоёрыг нийлүүлж  шавахаар тосоо ч бариад, усыг ч эсэргүүцээд байх жишээтэй. Энэ бүхэн бол монгол уламжлал юм.Үүнийг сургахын тулд намайг дагуулаад өөрийн биеэр үзүүлнэ.

 -Тахилч болох бага наснаасаа эхлэн та хатуу хөтүү олон зүйлийг үзсэн. Өвөө тань таныг хүүрийн газар аваачаад орхичихдог. Та эргээд өвөөгөө занаж зүхдэг гээд...?

 -Өвөө минь  өв соёлоо үлдээхийн тулд үр хүүхдээ эвдэж хатууд сургаж эцэг хүү хоёрын хооронд байх ёстой хайр энхрийллийг тэвчиж, эцэг өвөө гэхээсээ хахир харгис зантай, хатуу ширүүн багш байдлаар ханддаг байсан.

Тухайн үед надад хэцүү л байсан. Өвөөгөө зүхдэг, зандаг янз бүрийн л юм байсан. Одоо бодоход маш их өрөвдөм сэтгэл төрдөг юм

Өвөө маань,

...Жинхэнэ монгол шүлгийг үнэртүүлж

Жижигхэн зүггүй тархийг монгол болгож явна

Жил сарын уртад хүнийх ч болчихож магадгүй

Жаахан бор толгодыг цусанд нь шингээж явна... гээд бичсэн.

Энэ дөрвөн мөрт өнөөгийн эх орныг хэлээд байгаа юм.Энэ газар орон, өв соёл бүхэн хүнийх болчихож магадгүй гэсэн санаа. Би өвөөгийн хувьд жижигхэн зүггүй тархи нь байх нь.

Гэхдээ монгол хүн болгох гэж, монгол соёлыг надад тээж, цаашдаа үр хойчдоо уламжуулах гэсэн өвөөгийн л зорилго байсан. Миний зовох зүдрэх юу ч биш байсан. Өвөөгийн зовлон бүр хэцүү байсан нь тодорхой.

 Та ч  мөчөөгөө өгөлгүй,

 Ажаа ажаа хэмээгч  нь

 Алтангэрэлийн өвөө

 Алиа мэт байв ч

 Алсдаа тэр нь худлаа гээд л бичсэн гар бичмэл бий?

 Тиймээ,  Өвөө бид хоёрын  ул мөр их ээ. Өвөөгийн нас дээр гарчихсан байсан  1984 он. Бид Хайрхан уул дээр гарч орчныг ажиглалаа.

Өвөө тал руу харж суугаад уйлж байгаа харагдав. Тэгээд “Цаг хугацаа сонин юм даа. Би энэ цаг хугацааг богино гэж бодож байлаа.Бурхны шашин дахиад дэлгэрнэ. Тэр цагт энэ зүйлээ ахиад аваад явна. Энэ зүйлүүдийг гүйцээх миний нас хүрсэнгүй. Нас хүрэхгүй байх нь яах вэ? харж хандаж эзэн болж явсандаа сэтгэл хангалуун байна.

Чи энэ ажлыг үргэлжлүүлэх үйлтэй амьтан. 1938 онд авдар савтай юмыг үүрч явж байгаад баригдсан бол хувьсгалын эсэргүү гээд намайг буудах байсан. Цаг хугацаа гэдэг туйлбаргүй. Нэгэн үед хүнийг эсэргүү гэж байсан бол нөгөө үед баатар болох ч цаг ирнэ.

”Үүний би хүлээлгэж өгнө, Маргааш бүгдийг нь аваачаад шатаана гэвэл чиний л мэдэх хэрэг. Яагаад гэвэл тухайн цагийн эзэн цагийнхаа авралыг ч аюулыг ч мэддэг. Чи ямар нэг зүйл мэдэж байгаа” гэж хэлж байсан нь надад тод үлдэж дээ. Сүүлд нь нэг үг хэлье гэсэн. “Багаас чинь зовоож байсан нь эцэг хүний хайр байсан юм шүү.

Би  чамайг хайрладаг байсан гэж хэлсэн. Тэгээд би өвөөгөө их өрөвдсөн дөө. Эдүгээ өвөөгийнхөө гэрээслэлийг биелүүлж яваа би азтай хүн.Гаргаж ирж чадаагүй үлдсэн зүйлээ гаргаж үзмэртээ хүргэх, хутагтын ном судрыг олны хүртээл болгож судалгааны эргэлтэд оруулах юмсан гэж зорьж байна.

 

Таньд баярлалаа. Ажлын  амжилт хүсье.

     

Холбоотой мэдээ