Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд иргэдээс санал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-07 21:08:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг нь 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Энэ хүрээнд “Гэр бүлд хүргэх хөгжлийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явуулах гэж байна.

Тус хэлэлцүүлэгт орон нутгийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох эрхтэй аж.

Хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн үзэл бодол, саналаа илэрхийлэн жилийн турш хэрэгжих төлөвлөгөөнд саналаа тусгах боломжтой юм.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөхөд таатай орчин нөхцөлөөр хангах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хөгжлийн үйлчилгээг гэр бүлд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр иргэд , олон нийтийн байгууллагын санал санаачлагыг тусган хэрэгжүүлэхэд нь ач холбогдолтой гэж албаны төлөөлөл үзэж байгаа аж.

Дашрамд өнгөрсөн оныг Дарханчууд ахмадын жил болгон зарлаж мөн иргэд олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулж жилийн турш хэрэгжүүлэх ажилдаа тусгасан юм.

Холбоотой мэдээ