Мөсний баярт 8000 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 17:16:26

Хөвсгөл аймгаас Монголын хамгийн гүн, хамгийн цэнгэг Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт үзэмжийг олон нийтэд харуулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг Мөсний баяр “Хөх сувд-2016” нэртэйгээр Хатгал тосгон, Хөвсгөл далайн “Доод модот булан” хэмээх газарт болж өндөрлөлөө.

Энэ жилийн баярт 1200 орчим тээврийн хэрэгсэл, 70 гаруй гар урлалын худалдаа эрхлэгч, гадаадын 50 гаруй жуулчин нийт 8000 гаруй иргэд оролцсон бөгөөд иргэд жуулчдад үйлчлэх 65 үйлчилгээний гэрийг барьжээ. 
Мөсний баярын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож тус наадмыг арга хэмжээг үзэж сонирхлоо.
Тус  арга хэмжээ нь жилээс жилд цар хүрээгээ тэлж  оролцогчдын тоо  улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жилийн баярын үеэр мөсөөр хийсэн бүтээлүүд, цаатан иргэд, морин чарганы уралдаан, дугуйчид, зохион байгуулагч байгууллагуудын лого далбаа бүхий шүхэрчид мөсөн дээр буулт хийсэн зэрэг  гадна дотны жуулчдын анхаарлыг  татах, үзэх сонирхох зүйлсүүд ихээхэн байлаа.  
Мөн энэ үеэр  морин чарга, спорт загасчлал, мөсөн шагай, тэшүүрийн тэмцээн болсон бөгөөд Хаан их сарьдаг, хатан далай ээждээ хүндэтгэл  үзүүлэх урлагийн тоглолт, галын наадам, бөөгийн үзүүлбэр зэрэг уламжлал болсон арга хэмжээнүүд болж Хөвсгөлчүүд далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр хоёр хоног саатан тухлаж сайхан наадлаа.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ