Чингис хотын сурагчид “Ногоон паспорт”-той боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-06 18:53:10

Хэнтий /МОНЦАМЭ/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар залуу үеийнхээ эх дэлхийдээ хандах хандлагыг өөрчлөх зорилготой "Ногоон пасспорт" аян Чингис хотноо нээлтээ хийлээ.

"Хандлагаа өөрчилье" уриатай аян нь хүүхдийг эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах, дадал хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд аяныг сурагчид  ерөнхий боловсролын  дэргэдэх “Эко клуб”-тэй хамтарч өрнүүлнэ. "Ногоон паспорт" аян нь тодорхой хугацаа заасан богино хөтөлбөр биш бөгөөд  цаашид 50-100 жил үргэлжлэх аяны нээлтийн үеэр Чингис хотын ерөнхий боловсролын 1000 гаруй сурагчид "Ногоон паспорт"-аа гардан авлаа. 

Паспорт нь 12 хуудастай  бөгөөд хуудас бүр нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах  ёс заншил зэрэг мэдээлэл багтсан аж. Нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Н.Ганбямба нээж үг хэллээ. Мөн БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд ирж, сурагчдад ногоон паспортын ач холбогдол, хэрэглэх зааврын талаар ойлголт өгсөн юм. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд