Өвлийн бэлтгэл хангуулах Ажлын хэсэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-03 15:14:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт мал аж ахуйн салбарын болоод төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах өвөл, хаврыг хохирол багатай даван, өвлийн бэлтгэл ажилд хяналт тавих үүрэг бүхий аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, И.Доржсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Ажылн хэсгийнхэн Өвөрхангай аймгийн төдийгүй Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл аймгийн зарим сумыг нүүрсээр хангадаг "Баянтээг" ХК-ийн үйл ажиллагаатай танилцав.Тус компани энэ жил 410 мянган м3 хөрс хуулалт хийж, одоогийн байдлаар 200 орчим мянган тонн нүүрс нөөцөлжээ.

Өнгөрсөн өвөл дулааны эрчим хүчтэй холбоотой санал гомдол иргэдээс багагүй гарч байсан тул энэ жил уг асуудлыг шийдвэрлэж, өвлийн хүйтэн улиралд дулааны эрчим хүчийг тасалдуулахгүй байх үүднээс аймгийн төвийн халаалтын уурын зуухнуудыг аваарын дизельтэй болгосон аж. Мөн уурын зуухнуудад шинэ технологи нэвтрүүлж, жижиг уурын зуухнуудыг нэгтгэж байна.


Харин мал аж ахуйн хувьд аймгийн хэмжээнд 6,7 сая толгой мал намаржиж буй бөгөөд нэг сая гаруй толгой малыг иргэд эдийн засгийн эргэлтэд оруулснаар 5.5 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан мэдээлэл байна.

Өнгөрсөн зун газрын гарц тааруу байсны зэрэгцээ бэлчээрийн даац 3.2 дахин хэтэрсний улмаас мал аж ахуйн салбарт отор нүүдэл хийх зайлгүй шаардлага тулгарч байгаа ч ХХААЯ-наас шүлхий өвчин гарсан сумдын малчдыг отор нүүдэл хийхийг хоригложээ.

Аймгийн Аюулгүйн нөөцөд 250 тонн өвс, 100 тонн тэжээл бүрдүүлэхээр төлөвлөж, Сэлэнгэ аймгаас боодол өвсийг 7200 төгрөгөөр тооцож худалдан авч байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ