Арвайхээр суманд гэмт хэрэг 85.5 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-01 16:36:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Арвайхээр суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар хэлэлцлээ.

2018 оны эхний найман сарын байдлаар Арвайхээр суманд 206 хэрэг бүртгэгдсэн нь аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт хэргийн 45.2 хувийг эзэлж байгаа бөгөөд урд оны мөн үетэй харьцуулахад 95 хэргээр буюу 85.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс Өмчлөх эрхийн эсрэг 101, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдсэн аж.

Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд Арвайхээр сумаас иргэдийн дунд сургалт сурталчилгааг зохион байгуулах, “Иргэн-Олон нийтийн зөвлөл” ажиллуулах, “Хөршийн холбоо” байгуулах, камержуулах, гэрэлтүүлгийг өргөтгөх зэргээр багагүй ажил хийж байгааг сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин мэдээллээ.

Энэ үеэр Арвайхээрт үйл ажиллагаа явуулж буй РС тоглоомын газруудын үйл ажиллагааг хаахыг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж үүрэг болгов. Тэрбээр цахим тоглоомын газрууд нь эрүүл мэндийн хувьд шаардлага хангахгүй орчин нөхцөлд цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг, бүртгэл судалгаа байдаггүй болохыг онцолж, үүний цаана хүүхдүүдийн хулгай хийх, нэгнийгээ дарамтлах асуудал гарч байгааг сануулсан юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ