Хичээлийн шинэ байртай болсноор хүүхдүүдийн сурах орчин сайжрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-04 14:37:19

Завхан/МОНЦАМЭ/.“Харганат” ХХК Завханы Баянхайрхан суманд 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заалыг улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн хүлээлгэн өгөв.

Шинэ хичээлийн байранд 260 орчим хүүхэд суралцаж байна. Өмнө нь хуучин байрандаа хоёр ээлжээр анги танхим хүрэлцээ муутай хичээллэдэг байсан бол шинэ байр ашиглалтад орсноор нэг ээлжээр хичээллэдэг болжээ. Хичээлийн байр нь дотроо ариун цэврийн өрөөтэй, тохь тухтай бөгөөд багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах, тайван орчинд хичээлээ заах боломж  бүрдсэн аж. Мөн багш бүр санаачилгатай ажиллаж хүүхдүүдэд хичээлийн бус цагаар сонгон суралцах урлаг, спортын дугуйлангийн тоог ч нэмжээ. Дашрамд дуулгахад 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн дотуур байранд “Гэр өргөө”-г гурван сая төгрөгийн дэмжлэгээр тохижуулжээ. Өргөөг дотуур байрны гурван өрөөг нэгтгэн тохижуулж малчдын зургаан настай таван хүүхэд сурч, амьдрах боломжийг бүрдүүлсэн байна.

Сургууль төгсөгчид жил бүр сургуульдаа хөрөнгө оруулалт хийдэг

Баянхайрхан сумын сургуульд тус сумын уугуул Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбын нэрэмжит биологи газар зүйн тэнхимийг байгуулж бүрэн тохижуулсанаар энэ чиглэлийн хичээлийг сонирхон судлах хүүхдүүдийн тоо нэмэгджээ.

Түүнчлэн Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбын санаачилгаар биологи-газарзүйн хичээлийн ахлах ангийн анхдугаар олимпиадыг өнгөрсөн хавар сумандаа анх удаа зохион байгуулж, тэргүүн байранд шалгарсан сурагчийг 1.8 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Энэхүү олимпиадаар дамжуулан тус сумын сургуулийн багш, суралцагчдад, нийт таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг төгсөгчдийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, төгсөгчид жил бүр сургуульдаа томоохон хөрөнгө оруулалтын ажлыг хийдэг уламжлалтай. Энэ жил гэхэд 1988 онд тус сумын сургуулийн наймдугаар анги төгссөн төгсөгчид 2.5 сая төгрөгийн өртөг бүхий үндэсний бөхийн ширмэл дэвжээг бэлэглэлээ. Ер нь ерөнхий боловсролын сургуульд хийгдэж буй хөрөнгө оруулалт бүр суралцагчдын сурах орчинг сайжруулаад зогсохгүй багш суралцагчдад урам болдог хэмээн тус сургуулийн захиргаанаас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ