Хубилай сэцэн хааны түүхэн гавьяаг мартаж үл болно гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-09-15 16:04:36

Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан ёслолын нээлт өнөөдөр Чингисийн талбайд боллоо.  

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нар Их хаадын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Ёслолын ажиллагааг нээж ЗГХЭГ-ын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны дарга С.Баярцогт хэлэхдээ, “Эх түүхээ үнэн зөвөөр харах боломжгүй, үзэл суртлын нөлөө ихтэй үед Хубилай сэцэн хааны түүхийг үгүйсгэн харлуулж, түүхээс орхигдуулах хэмжээнд хүртэл хандаж байсныг бид мэднэ. Гэвч ардчиллын замыг сонгосон Монгол түмний хувьд эх түүхээ үнэнээр судлах, танин мэдэх, сурталчлан таниулах ажлыг сүүлийн хэдэн жил манай түүхч судлаачид ихээхэн эрчимтэйгээр өрнүүлж байна. Түүхийн үнэн хэзээ нэгэн цагт мөн чанар нь зөвөөр тодордог юм гэдгийг Хубилай сэцэн хааны энэ ой та бидэнд дахин сануулж байна. Монголын төдийгүй дэлхий дахинд эзэнт гүрнийг цогцлоон байгуулж,  Дорнод их далайгаас өрнийн их Европ хүртэл өөрийн нөлөөг тогтоон, Монголчуудын байгуулсан Алтан орд, Эл хаант, Цагаадайн улсын ханлигуудыг ч өөрийн хараанд байлгаж, санхүү мөнгөний нэгдсэн тогтолцоог үүсгэн, татварын системийг эрх зүйн хувьд бүрэн төгөлдөржүүлж, цаасан мөнгө анх санаачлан үйлдвэрлэж, усан флот байгуулан, далайн тээвэр хөгжүүлж, бичгийн мэргэдийн хүрээлэнг байгуулж, эрдэмтэн мэргэдийн их номын тойрогт хүндэтгэн бишрүүлж байсан тэр их хүмүүн бол Хубилай сэцэн хаан юм. Түүний энэ их эгэлгүй хүч, төрийг засах их ухаан, соёл, бичгийн өндөр боловсролыг Монголын төдийгүй дэлхий эрдэмтэд тал бүрээс нь эрчимтэй судалсаар ирсэн. Дэлхий дахинд нэр алдар нь цуурайтсан Монголын их сэцэн хааныхаа түүхэн гавьяаг мартаж үл болно” хэмээн онцлов.

Энэхүү ёслолын ажиллагаанд ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэд, иргэдийн төлөөлөл оролцлоо.  

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд