Өвөрхангайн оюутнууд Шилийн голд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 13:58:17

Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газар нь 2014 онд Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн  Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж эхэлжээ. 

Энэ хүрээнд Өвөрхангай аймгаас 18 сурагч Ажил мэргэжлийн дээд сургуульд очин суралцаж байгаа юм. Тус сургууль нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалттай бөгөөд Монгол оюутанд зориулсан дотуур байртай учраас амьдрах, суралцах таатай орчин нөхцөл бүрдсэн байна.

Мөн оюутан суралцуулахаас гадна багш, удирдах ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд Өвөрхангай аймгийн бүх сургуулийн захирлууд гурван өдрийн турш сургалтанд хамрагдан тус сургуулийн ажил үйлчилгээнээс туршлага судлан ирсэн байна. 2016 онд СӨББ-ын эрхлэгч нар туршлага солилцох аж.

Ажил мэргэжлийн дээд сургуульд суралцах Монгол оюутанд  эрүүл мэндийн болоод сахилга хариуцлагын шаардлага тавьдаг ба сургалтын жилийн төлбөр 7000 юань буюу Монгол төгрөгөөр 2,1 сая орчим гэнэ. Үүнд байр, номын сан, даатгалын үйлчилгээ багтах юм. 2016 оноос хүний эмч, малын эмч, хөл бөмбөгийн багш дасгалжуулагч гэсэн мэргэжлээр оюутан элсүүлж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан сар бүр 500 юаны урамшуулал өгч байх гэрээг хоёр тал хийжээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ