ДОРНОД
А.Нансалмаа: Зөв бичгийн дүрмийн хичээлийг маш ойлгомжтой хэлбэрээр бэлтгэн телевизээр түгээж байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэлний бодлогын зөвлөл хэрхэн ажиллаж байгаа талаар тус аймгийн Хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БСУГ-ын дарга А.Нансалмаатай ярилцлаа. Дорнод аймгийн хувьд сүүлийн жилүүдэд эх хэлний дархлааг сайжруулах, олон нийтийг идэвхжүүлэх чиглэлээр багагүй ажил өрнүүлж байгаа юм. -Дорнод аймгийн хувьд Хэлний бодлогын зөвлөл хэрхэн ажиллаж байна вэ? Ер нь энэхүү салбар зөвлөл ажилласнаар ямар үр дүн, ач холбогдолтой юм гэдэгт Та оновчтой хариулт өгөх байх?-Манай Хэлний бодлогын салбар зөвлөлийг 2016 онд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 2017 онд бүрэлдэхүүнийг нь 12 болгож нэмсэн. Түүнчлэн 14 сумын хэмжээнд тухайн сумын Засаг даргаар ахлуулсан орон тооны бус салбар зөвлөл ажиллаж байна. Ийнхүү бие даасан салбар зөвлөл ажилласнаар Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, төрөөс соёлын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, тайлагнах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд  монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиг үүргийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэгжүүлдэг гэсэн үг.
1096 өдөр