ДОРНОД: Зам засвар, өргөтгөлийн ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-15 12:18:17

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар зам засвар, арчилгаа, өргөтгөлийн ажил ид өрнөж байна. Тухайлбал, "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэн рүү зорчих хэсэгт авто зогсоол, явган хүний зам, “Илч" хорооллын хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай авто зам болгон барих, төв зам дагуух уулзваруудыг засварлаж байгаа юм.  

Хэрлэн голын эргийг талхлагдлаас хамгаалах зорилгоор өнгөрсөн онд “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд, төв замаас урагш 160 м урт, нэг талаар нь хоёр метр өргөнтэй явган хүний зам барьсан бол энэ намар үргэлжлүүлж, 40 автомашины эко зогсоол, Хэрлэн голын эрэг хүртэл 320 м урт явган хүний зам барьж байна.

Түүнчлэн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар "Илч" хороололд 660 м урт, 4м өргөнтэй, хоёр талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах байгууламж бүхий зам барих ажил 80 хувьтай үргэлжилж байна. 

Дорнод ймгийн Засаг дарга М.Бадамсүрэн автозамын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч компаниас бараа материалын хомсдол үнийн өсөлтөөс шалтгаалж, батлагдсан төсөвт ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй байна гэсэн саналыг үндэслэн ажлын баг байгуулж, аймгийн ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлхээр бэлтгэж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ