ДОРНОД: Петро Чайна Дачин Тамсаг компанитай нийгмийн хариуцлагын гэрээг нөхөж байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-28 10:03:09

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол, Матад сумын удирдлага газар нутаг дээр нь үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг компанитай 2021, 2022 оны нийгмийн хариуцлагын гэрээг нөхөж байгууллаа.


"Ашигт малтмал, газрын тосны тухай хууль"-ийн 11.2.17 дахь заалт буюу тусгай зөвшөөрлийн талбай орших сумтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллах заалтыг хэрэгжүүлэх ажлыг 2020 онд эхлүүлсэн байдаг. Гэвч цар тахлаас шалтгаалан тус компани гэрээгээ хэрэгжүүлээгүй байсан юм. Тиймээс өмнө байгуулсан гэрээний биелэлтийг хангах, сүүлийн хоёр жилийн нийгмийн хариуцлагын гурван талт гэрээг ийнхүү үзэглэсэн байна. 


2020 оны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Халх гол сум Ялалт багт эмчийн байр, багийн Засаг даргын байр, сургуулийн гадна фасад, дулаалга, Матад сум төрийн алба хаагч хоёр айлын орон сууц, ландфиль технологи бүхий хогийн цэг шинээр байгуулах, наадмын талбай шинээр бариулах ажлуудаа нийгмийн хариуцлагын хүрээнд тус компаниар хийлгэж байгаа аж. 


Петро Чайна Дачин Тамсаг компани 2021, 2022 онд Матад, Халх гол сумтай нийт 450 мянган ам.долларын гэрээ байгуулж, 50 мянган ам долларыг тухайн сумын ОНХС-д оруулж, үлдсэн мөнгөн дүнд бүтээн байгуулалтын ажил хийхээр тогтжээ. Энэхүү сүүлийн хоёр жилийн гэрээний дагуу хийх ажлын саналыг ирэх оны хоёрдугаар сард багтаж өгөх бол 2023 онд хамтран ажиллах гэрээг мөн тухайн оны нэгдүгээр сард багтаж хийхээр төлөвлөж байна. 


Халх гол суманд цаашид инженерийн шугам сүлжээний нэг тэрбум гаруй төгрөгийн ажил  буюу сумын төвийнхөө 24 айлын 18 байшинг инженерийн шугам сүлжээнд холбох, сумын төв доторх автозам, үерийн байгууламж зэрэг дэд бүтцийн ажлууд дээр хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа бол Матад сум ирэх оны хавар хүртэл бүтээн байгуулалтын ажил байхгүй гэсэн хариу өгсөн байна. 

Холбоотой мэдээ