Сайжруулсан түлш шуудай нь 3750, хагас коксжуулсан нь 5000 төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-17 09:43:48

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хүйтэн сэрүүн улирал эхэлж айл өрхүүд гал түлж эхэлсэн учир нийслэлийн иргэдэд нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750, нэг шуудай хагас коксжуулсан шахмал түлшийг 5000 төгрөгөөр худалдаж байна.


Нийслэлд энэ жил шахмал түлшний борлуулалтын 400 цэг ажиллуулах юм. Одоогоор ажиллаж буй 332 цэгээс “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм. Харин арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэ аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болно.



Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Нийслэлд энэ жил 43 мянган тонн сайжруулсан, 306 мянган тонн хагас коксжуулсан шахмал түлшээр иргэдийн хэрэглээг хангахаар төлөвлөсөн. Түлшний хомсдол үүсэхгүй, бүх борлуулалтын цэгт түлшний нөөц хангалттай байна. Энэ жил түлш борлуулах цэгүүдийг төв зам дагуу бус тухайн хорооллын хоёр гуравдугаар гудамжинд байрлуулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ