ДОРНОГОВЬ: Таван модны хийдийн туурь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-17 10:04:03

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн түүхэн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна.


Энэ удаа тус аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн нутагт байдаг таван модны хийдийн туурийн тухай хүргэхээр бэлтгэлээ.


Сулинхээр багийн нутагт байх тус хийдийн үүсэн цаг хугацаа тодорхойгүй хэдий ч 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан тухай нутгийн малчин П.Лхагва өгүүлсэн юм.


Түүний хэлснээр энд нэг үндсээс салбарлаж ургасан таван мод байсан бөгөөд модны үндэсний доор байх багахан ундаргатай булгийн уснаас хийдийн лам нар тахилын усаа авдаг байжээ.


Таван модны үндэсний доорх тахилын усны ундаргыг том болгосноос үүдэж чийг алдсанаар дөрвөн мод нь унаж, одоо нэг л мод үлджээ.


Таван модны нэг нь сэтэртэй мод байсан. Хийдийн туурь, барилга байшингийн онцлогийг ажиглавал хийдэд олон лам шавилдаггүй, орон нутгийн жижиг хийд байсныг илтгэнэ гэсэн юм.


Тухайн цаг үеийн байдлаас үүдэж тус хийдийг одоогийн Мандах сумын нутагт байдаг Өлгий хийд рүү нүүлгэжээ.


Харин хийдэд шавилж байсан лам нарын ихэнх нь хэлмэгдүүлэлтээс дүрвэж бурхан шүтээнээ аваад урагшаа нүүсэн тухай тэрээр өгүүлсэн юм.

Холбоотой мэдээ