ДОРНОГОВЬ: Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 5/МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс хийсэн нийт нутгийн бэлчээрийн даацын судалгаагаар өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй, 19.9 орчим хувьд хэтэрч гарчээ.
Харин өнгөрсөн жилийн бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 84 хувь нь бэлчээрийн нөөцтэй гэж дүгнэж байжээ.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн нийт нутгийн 40 хувьд зуншлага сайн, 36 хувьд нь зуншлага хэвийн, 24 хувьд гандуу байна. Газар нутгийн 47.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 33.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 18.9 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 0.9 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 0.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байгаа юм.
Энэ жилийн бэлчээрийн төлөв байдлын ажиглалт судалгааг хийх явцад бэлчээрийн нийт ургамлын ногоон масс их байгаа боловч ургамлан нөмрөгийн дийлэнх хувийг шүлхий шарилж, нэг наст ургамлууд эзэлж байгааг албаны судалгаанд дурджээ.
Эдгээр ургамлыг мал
төдийлөн сайн иддэггүй бөгөөд идэш тэжээлийн голлох ургамал болох хазаар, хялгана
таана, хөмүүл зэрэг нарийн ногоо бага ургасан, тачир сийрэг байгаа нь бэлчээрийн
даац багтаамж хэтэрч гарах үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзжээ.