БАЯНХОНГОР: Уулархаг нутгаар цас орж, говийн нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-16 13:51:37

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 17-20-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан, 21-нээс зарим нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, говийн нутгаар салхи шуургатай ба нийт нутгаар сэрүүснэ.


Хур тунадас: 21-нд хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи: 21-нд Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар 12-14 м/с, түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ.


Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -1 -6 градус хүйтэн, өдөртөө +9 +14 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +0 +5 градус, өдөртөө +11 +16 градус, говийн нутгаар шөнөдөө +4 +9 градус, өдөртөө +17 +22 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө +7 +12 градус, өдөртөө +18 +23 градус дулаан байна.


Эдгээр өдрүүдэд +23 градус хүрч, зуны халуун өдрүүд шиг дулаан байх Эхийн гол баг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог. Тус баг нь Баянхонгор аймгийн газар тариалан, хүнсний ногоо тариалалт хийдэг гол цэгийн нэг юм.


Тухайн бүс жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу бороо цас маш ховор үзэгддэг өвөрмөц уур амьсгалтай нутаг. Эхийн голд зун хөрсөн дээр +50 градус, түүнээс ч давж халах нь бий.

Холбоотой мэдээ