ДОРНОД: Ульхан, Эрээнцавын боомтоор манай улс руу нэвтрэх хөдөлгөөн арав дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-29 15:25:15

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дахь Ульхан боомт, Чулуунхороот суман дахь Эрээнцавын боомтоор хойд хөршөөс манай улс руу нэвтэрч байгаа иргэдийн хөдөлгөөн арав дахин нэмэгдсэн гэж хилийн дугаар ангийн удирдлага мэдээллээ.


Тухайлбал, Ульханы боомтоор байдал хэвийн үед хоногт нэгээс гурван хүн нэвтрэн орж ирдэг байсан бол сүүлийн үед хоногт 18-30, тэр тусмаа цэргийн насны залуучууд 30 хоногийн аяллын визээр нэвтрэх нь ихэсч байна. Тиймээс тус боомтуудын нутагт хяналт тавьдаг хилийн ангиуд, хууль хүчний байгууллагууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Цаашид энэ хөдөлгөөн эрс нэмэгдвэл ямар арга хэмжээ авах, хэрхэн хяналт тавих, хаана байрлуулах зэрэг асуудал дээр хууль хүчний байгууллагууд санал солилцон хамтран ажиллаж байна гэж өчигдөр болсон Хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн хурал дээр мэдээллээ.


Түүнчлэн Дорнод аймгийн Засаг дарга, Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, Хил орчмын болон орон нутгийн ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлж, хууль хүчний байгууллагуудыг улсын хил зөрчих явдал гаргуулахгүй байх тал дээр онцгой анхаарахыг үүрэг болголоо.   

Холбоотой мэдээ