ДОРНОД: Сургууль, цэцэрлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-15 12:46:17

Дорнод /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна. Тодруулбал, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр Дорнод аймгийн төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 2016-2021 оны хооронд “Багш хөгжлийн төв”-ийг шат дараатайгаар байгуулж ирсэн. Энэ төсөлд нийт 26 сургуулийн 855 багш, 31 цэцэрлэгийн 246 багшийг хамруулж, тохилог таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. 

Энэ онд орон нутгийн төсвийн 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Багш хөгжлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг Хэрлэн сумын зургадугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын цэцэрлэг, Ялалт багийн сургууль, Цагаан-Овоо сумын сургуулийн удирдлагууд хүлээлгэж өгчээ.

Мөн хөдөөгийн сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн өрөө болон гал тогооны өрөөнд нэн шаардлагатай агшин зуурын ус халаагч тоног төхөөрөмжийг аймгийн төсвийн 3.5 сая төгрөгөөр худалдан авч, өнөөдөр Баянтүмэн, Булган, Чойбалсан Сэргэлэн сумын сургууль, цэцэрлэгүүдэд гардуулж өглөө. Цаашид ус халаагчийг бүх сургууль, цэцэрлэгт нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ