”Цэвэрхэн наадацгаая” уриа дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-29 09:43:01
Ховд /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ногоон паспорт” санаачлагын хүрээнд хог хаягдалгүй “Цэвэрхэн наадацгаая” уриалга дэвшүүллээ.
Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01|4098 дугаар захирамжийн дагуу Үндэсний их баяр наадмын тасалбар болон автомашины тусгай зөвшөөрөл дээр “Цэвэрхэн наадацгаая” уриалга болон БОАЖЯ-ны лого хэвлүүлэх, Баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлах телевизүүдэд зөвшөөрөл олгохдоо “Цэвэрхэн наадацгаая”, “Хандлагаа өөрчилье” логог солигдох хэлбэрээр телевизийн дэлгэцийн баруун дээд буланд байршуулах юм байна.
Баяр наадмын үйл ажиллагааг сурвалжилж байгаа зураглаач, сэтгүүлчид “Цэвэрхэн наадацгаая” уриа бүхий футболк өмсөх аж.
Нийтийн хоолны зөвшөөрөл хүсэгчдэд гялгар уутнаас татгалзаж, хүнсний цаасан баглаа, боодол ашиглах, наадмын талбайд байршуулах самбаруудад “Цэвэрхэн наадацгаая” урианы батлагдсан лого байршуулах зэрэг шаардлагыг орон нутагт хэрэгжүүлж ажиллахыг уриалсан байна.
Энэхүү уриалгыг Ховд аймгийн ЗДТГ хүлээн авч, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч байна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ