“Монгол Японы Аз жаргал нийгэмлэг” ТББ таван жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-06-19 02:58:37
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Японы хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Монгол Японы Аз жаргал нийгэмлэг” ТББ үйл ажиллагаа явуулж эхэлсний 5 жилийн ойгоо "Нарны хүүхдүүд" асрамжийн газрын хүүхэд багачуудтай хамтдаа тэмдэглэж байна. Тус ойн арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Насанбат урилгаар оролцож “Монгол Японы Аз жаргал нийгэмлэг” ТББ-ын Монгол талын ерөнхийлөгч П.Төмөрхуягт Дархан-Уул аймгийн дээд шагнал “Найрамдлын Дархан” тэмдгийг гардуулан өглөө.

Хүүхэд багачууд руу чиглэсэн олон сайхан арга хэмжээг зохион явуулж тэдний сурч боловсрох, хөгжих боломжид дэмжлэг үзүүлж зорилтот бүлгийн хүүхдүүдийг бусдын адил байхад хамтран ажилладаг ​тус байгууллага “Нарны хүүхдүүд” асрамжийн газартай гурван жилийн өмнөөс эхлэн хамтран ажиллаж эхэлжээ. Тухайлбал тус төвийн 40 гаруй хүүхэд багачуудад гурван жил тасралтгүй цүнх, бичгийн хэрэгсэл, хөгжмийн зэмсгийг бэлэглэсэн аж.

Түүнчлэн “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын хүүхдүүдийг Япон улсад урлагийн тоглолт хийхэд нь дэмжлэг үзүүлж тоглолт зохион байгуулах хот, мужийг сонгож ирсэн ажээ. Энэ жилийн тухайд  11 сард дахин тоглолт хийхэд туслах туслах тухайгаа энэ үеэр онцолж байлаа.

"Нарны хүүхдүүд" асрамжийн газрын тухайд орон гэргүй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг амьдралд сургадаг аж. Дархан сумын 15-р багт үйл ажиллагаагаа явуулдаг тус асрамжийн газар нь Япон улсад жил бүр тоглолт хийж олсон орлогоороо өөрсдийн амьдрах орон сууц, сурч хөгжих сургалтыг байрыг барьж байгуулсан. Харин хамгийн сүүлд буюу 2016 оноос авто угаалгыг нээн ажиллуулж эхэлсэн. Тус угаалгын газарт асрамжийн газарт сурч хүмүүжиж байсан одоо оюутан болсон, амьдралд хөл тавьсан залуус ажилладаг аж.

Дархан хот төдийгүй Монголын нэрийг Япон улсад соёл урлагаар цуурайтуулж буй "Нарны хүүхдүүд"  асрамжийн газрыг Монгол Улсын гавъяат багш Ч.Эрдэнэчулуун удирдан ажиллаж байна. 
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ