НҮБ-ын Уур амьсгалын бага хурлыг Франсуа Олланд нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-30 12:56:14

ПАРИС. /TASS/. Францын нийслэл Парис хотноо өнөөдөр 11:00 цагт эхлэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг /COP-21/ Франсуа Олланд нээнэ. Дэлхийн 150 гаруй орны удирдагчид оролцох бага хурлыг нээх ёслолын ажиллагаа энэ өдрүүдэд НҮБ-ын нутаг дэвсгэрээр зарласан Парис хотын нисэх онгоцны Ле-Бурже буудлын дэвсгэр нутагт болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенцид оролцогч орнууд болох 196 улсын төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сард Перу улсын нийслэл Лима хотод болсон XX бага хурлын үеэр Парисын гэрээний хувьд үндэс суурь нь болох ёстой гэрээг баталсан юм. Уг гэрээнд COP21 хурлын үеэр гарын үсэг зурах төлөвтэй байгаа бөгөөд 2020 онд Киотогийн протоколыг орлох юм.

Парисын форумд иргэний нийгмийн байгууллагуудын 14 мянга гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. 6000 орчим сэтгүүлч хүсэлт гаргасан боловч сурвалжлах зөвшөөрлийг ердөө 3000 мянган хүнд өгсөн байна. Техникийн үүднээс бүх сэтгүүлчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж зохион байгуулагчид нь тайлбарлажээ.

Энэ жилийн бага хурлын хүрээнд соёлын салбарт 65 төсөл хэрэгжүүлэх болох 227 арга хэмжээ, 184 хэлэлцүүлэг болон дугуй ширээний уулзалт зохион байгуулна. Бага хурлын үеэр нийтдээ 6000 орчим арга хэмжээ болох төлөвтэй байна.

“COP21” бага хурлыг зохион байгуулахад бэлэн бэлтгэхэд 170 сая евро зарцуулжээ.

Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

Улсынхаа нутаг дэвсгэрт аюулгүй байдлын чангатгасан арга хэмжээ авснаа Францын эрх баригчид Парист энэ сарын 13-нд халдлага болохоос бүр өмнө мэдэгджээ. Тухайлбал, бага хурал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө хилийн хяналтыг чангатгасан байна.

Парисын халдлагын дараа тус улсын эрх баригчид болон бага хурлыг зохион байгуулагчид аюулгүй байдлыг хангах арга хэмжээг дахин чангатгаж, олон нийтийн зарим арга хэмжээг цөөлснийг мэдэгдсэн байна.

“Аюулгүй байдлыг хялбархан хангах боломжтой битүү болон хаалттай газруудад зохион байгуулах бүх арга хэмжээг зөвшөөрсөн. Харин Парис болон Францын бусад хотод энэ сарын 29-нд болон 12 дугаар сарын 12-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан “Уур амьсгалын төлөө зугаалга” арга хэмжээг тус улсын Засгийн газар цуцалсан” гэж бага хурлыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Уур амьсгалын бага хурлын үеэр нийтдээ 120 мянган цагдаа, болон цэргүүд аюулгүй байдлыг хангана.

Тухайлбал, хууль сахиулах байгууллагын 8000 орчим ажилтныг Францын хил рүү илгээх бол 2800 цагдааг бага хурал болох Парис хотын дагуул Ле-Буржед илгээх аж.

Үүнээс гадна, Уур амьсгалын бага хуралд эхэлж байгаатай холбоотойгоор замын зарим хэсгийг хаах учир энэ сарын 29-30-нд хувийн автомашинаа аль болох ашиглахгүй байхыг Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев Парисын оршин суугчдад уриалсан бол энэ өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд үнэгүй үйлчилнэ гэдгийг Парис хотын захирагч Анн Идальго мэдэгджээ.

Бага хурлын үеэр болох уулзалтууд

Парист цуглах дэлхийн удирдагчид COP21 бага хурлын үеэр түншүүдтэйгээ уулзах боломжийг ашиглажээ.

Одоогийн байдлаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзах бол Европын Зөвлөлийн дарга Дональд Туск Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзана. Порошенко мөн Европын комиссын дарга Жан-Клод Юнкертэй хэлэлцээ хийнэ.

Түүнчлэн Хятадын дарга Си Зиньпин НҮБ-ын Уур амьсгалын бага хурлын үеэр АНУ болон Францын Ерөнхийлөгч нартай хоёр талын уулзалт хийнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ