"ДБЭХС" ТӨХК хүчин чадлаасаа давсан ачаалал үүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-14 19:33:57
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн “ДБЭХС” ТӨХК өнөөдрийн байдлаар хүчин чадлаасаа давсан ачааллыг үүрч байна. Чойбалсан хотын нийт айл өрхөөс гадна Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 39 сум, суурин газрын 24710 айл өрх, 3100 гаруй ААН, уул уурхайн 13 орд газрыг цахилгаан, дулаанаар хангаж байгаа юм.
Цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байгаа учир 50 мВт-ын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлага тулж иржээ.  Цаашид зүүн бүсийн цахилгааны хэрэглээ 80 мВт-д хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.
Тус станц нь 1970 онд 36 мВт-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орж байв. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт станцын 50 мВт өргөтгөлийн ажлыг хийхээр тусгасан ч хэзээ ажил хэрэг болох нь тодорхойгүй хэвээр байсаар байна.
Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөний үеэр дээрх асуудал хөндөгдөж, Дорнодын ДЦС нэгдсэн системээс тусдаа бие дааж ажилладаг учир өндөр ачаалалтай шугамуудад гэмтэл гарч тасрах үед системийн тогтвортой ажиллагаа алдагдаж аваарын байдал үүсч болзошгүй тул цаашдаа Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220 кВ шугамыг барьж, ДЦС-ыг нэгдсэн системтэй холбох зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг дээр санал нэгдэж байсан юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ