Алтай сумын Д.Цогбадрахын гэр бүл захчин үндэсний иж бүрдэл хувцсаар гоёж тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-26 16:43:03
Ховд/МОНЦАМЭ/ "Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын хүрээнд үндэстэн угсаатны бүлгүүдийн ардын уламжлалт хувцасны соёл, хэрэглээ, урлахуйн ухаан, зан үйлийг судлах, сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос шалгаруулах уралдаан зохион байгууллаа.
Уралдаанд 10 сумын 11 багийн 50 гаруй иргэн оролцсон юм. Тэргүүн байранд Алтай сумын оролцогч Д.Цогбадрахын гэр бүл Захчин үндэстний иж бүрдэл хувцсаар, хоёрдугаар байранд Дөргөн сумын оролцогч Б.Цэгмэдийн гэр бүл Дөрвөд үндэстний хувцсаар, гуравдугаар байранд Буянт сумын оролцогч Х.Буянхишигийн гэр бүл Тува үндэстний иж бүрдэл хувцас, эдлэл хэрэглэлээр тус тус шалгарч, аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авав.
Мөн “Дээлтэй Монгол хүүхэд” уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд 130 орчим хүүхэд оролцлоо. Тэргүүн байранд Алтай сумын оролцогч Цогбадрахын Бадралт, Энхцэцэг нар Захчин үндэстний хувцсаар шалгарсан байна. Энэ удаагийн “Дээлтэй Монгол хүүхэд” уралдаанд оролцогч хүүхдүүд 100 хувь ангийн үснээс татгалзаж, Монголын уламжлалт эсгий, хурганы арьсаар урласан дээлээр гоёсноороо онцлог байлаа.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ