Мальдивт 15 хоногийн онц байдал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-06 09:51:44
МАЛЕ. /Синьхуа/. Мальдив улсын Ерөнхийлөгч Абдулла Ямен 15 хоногийн онц байдал зарлаж буйгаа даваа гарагийн орой буюу өчигдөр орой төрийн мэдлийн телевизээрээ дамжуулан мэдэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Онц байдал зарласнаас хэдхэн цагийн дараа тус улсын тусгайгийнхан Ерөнхийлөгч асан Момун Абдул Гаюмыг гэрээс нь хүргэнийх нь хамтаар баривчилжээ. Засгийн газрыг түлхэн унагаахаар хуйвалдсан гэх шалтгаанаар тэднийг баривчилсан байна.

Мальдивын одоогийн Ерөнхийлөгч А.Ямен мэдэгдэхдээ “Мальдивын бүх иргэн, манай улсад ажиллаж, амьдарч, аялж буй гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс онц байдал зарлалаа. Онц байдал зарласан хугацаанд хүмүүсийн тодорхой эрх хязгаарлагдана. Гэхдээ онц байдал нь бизнесийн салбарт, тухайлбал аялал жуулчлалын салбарт ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй” гэжээ.

Гэхдээ тус улсын улс төрийн хямрал сунжирвал аялал жуулчлалын салбар нь уруудаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Мальдивын эдийн засгийн гол хөдөлгүүр нь аялал жуулчлалын салбар бөгөөд 133 мянга гаруй хүн амтай тус улсад дэлхийн өнцөг булан бүрээс жилд 1.2 сая жуулчин очдог аж.

Сөрөг хүчний улс төрчид, тэдний дотор Ерөнхийлөгч асан Мохамед Нашид, Ахмед Адиб нарыг суллах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх нь гаргаснаас хойш Мальдивын улс төрийн байдал тогтворгүй болж эхэлсэн байна. Улс төрийн ямар нэгэн оролцоогүй шударга шүүх хурал болох хүртэл тэднийг суллах хэрэгтэй гэж шүүхийн шийдвэрт дурдсан байжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ