"Томууг томоожуулах challenge" аян эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-13 23:20:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Томуу, томуу төст өвчин их байгаатай холбоотойгоор тус аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвөөс тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаа тэд "Томууг томоожуулах challenge" аяныг зарлан эхлүүлжээ.
Тус эрүүл мэндийн төв нь эмч нарын өрөө бүртээ гар ариутгагч байрлуулан, эмч ажилтнуудаа халдвараас хамгаалах арга хэмжээг үе шаттайгаар авч байна. Мөн иргэдэд тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа болон гэрийн эргэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. 
Томуу болон томуу төст өвчинд 0-5 насны болон 60-аас дээш насны өндөр настнууд архаг хууч өвчтэй хүмүүс ихээхэн өртөж байгаа аж. Томуугийн үүсгэгч нь томуугийн А,В,С хүрээний вирүс бөгөөд дотроо 200 гаруй дэд хүрээтэй, тэдний бүтцийн уургууд байнга бага багаар хувьсан өөрчлөгдөж, эргэлтэнд орсноор шинэ төрлийн томуу өвчин үүсгэж байдаг байна. Тус өвчний илрэх гол шинж тэмдэг нь 3-4 хоног тогтвортой өндөр халуурах,  хамраас шингэн нус гоожих, бөгшүүлж ханиалгах, хамар битүүрэх, найтаалгах зэрэг ерөнхий шинжүүдээс гадна бага насны хүүхдэд хамраас цус гоожих, хоолой өвдөх шинж тэмдгүүдээр илэрч байгаа юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ