“Мөнгөн Арслан-2017” спортын салбарын шилдгүүдийг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-26 10:05:02
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Биеийн тамир спортын газраас санаачлан “Мөнгөн Арслан-2017”спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Улс, орон нутгийнхаа спортын салбарын хөгжилд бодитоо хувь нэмэр оруулж буй  тамирчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх зорилготой “Мөнгөн Арслан- 2017” ёслолын арга хэмжээнд аймгийн удирдах ажилтнууд, үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, иргэд оролцсон юм. 
“Мөнгөн Арслан-2017”  ёслолын арга хэмжээний үеэр  2017 оны Спортын шилдэг дасгалжуулагч, Биеийн тамирын шилдэг багш, Спортын шилдэг ивээн тэтгэгч, Спортын шилдэг хамтлаг,  Спортын шилдэг холбоо, Шилдэг эрэгтэй тамирчин, Шилдэг эмэгтэй тамирчин, Шилдгийн шилдэг тамирчин гэсэн 9 номинаци тодруулан “Мөнгөн Арслан” шагналыг  гардууллаа. 
2017 оны “Шилдэг дасгалжуулагч”-аар “Болор бээлий” боксын клубын дасгалжуулагч А.Магсаржав тодорлоо.  Энэ онд түүний  дасгалжуулсан тамирчид Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс 1 мөнгө, 5 хүрэл медаль, Олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Мөн шавь Б.Буяндалай Залуучуудын Ази тивийн  аварга шалгаруулах боксын тэмцээнээс  хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. 
“Биеийн тамирын шилдэг  багш”-аар  Үенч сумын сургуулийн биеийн тамирын багш С.Батжаргал шалгарлаа. Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс шавь нар нь багаараа хүрэл медаль хүртэж, Өсвөр үеийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд шигшээ дөрөвд  шалгарсан байна. Мөн  аймгийн аварга шалгаруулах Волейболын тэмцээнүүдэд шавь нар нь амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн аж. 
“Спортын шилдэг ивээн тэтгэгч”-ээр Т.Жаргалсайхан захиралтай “Баялаг буянт” ХХК шалгарав.  Тус компаний зүгээс чөлөөт бөхийн зааланд бэлтгэл хийх  нөхцөлийг бүрдүүлэн бүх цонхыг шинэ вакум цонхоор сольж, дулааны шугам сүлжээг шинэчилсэн байна. Түүнчлэн улс, бүсийн аварга шалгаруулах чөлөөт  бөхийн тэмцээнд оролцсон бүх тамирчдын зардлыг шийдвэрлэж, Аймгийн аварга шалгаруулах тэмцээн болон сагсан бөмбөгийн шилдэг багуудын тэмцээнийг  ивээн тэтгэжээ. 
“Спортын шилдэг  хамтлаг”-аар Д.Энхсайхан даргатай Ховд дулааны станц шалгарлаа.  2017 онд олон тамирчдыг  ажлын байраар хангаж тамирчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд  Аймгийн хэмжээний спортын тэмцээнд “Дулааны спорт” хамтлаг олон амжилт гаргасан байна. 
“Спортын шилдэг холбоо”-гоор Т.Энхжаргал тэргүүнтэй Ширээний теннисний холбоо” шалгарлаа. Теннисний УАШТ-с олон жилийн дараа нэг бүрчилсэн төрлөөр О.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Аймаг орон нутагтаа бүсийн чанартай тэмцээн уралдаан, сумуудад сургалтуудыг  амжилттай зохион байгуулж, тоног төхөөрөмж, ширээ, автомат буудагч машинтай болгосон амжилтаар Ховд аймгийн 20 спортын холбоодоос шалгарчээ. 
Мөн “Спортын шилдэг холбоо”-гоор Т.Баатарзориг  тэргүүнтэй “Жүдо бөхийн холбоо” шалгарав. Тус холбооны зүгээс Зэрэг, Цэцэг суманд жүдо бөхийн татами өгсөн байна.  Дэлхий өсвөрийн болон залуучуудын Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 тамирчин шагналт  тавдугаар байранд шалгарч,  Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тамирчид нь 14 медаль хүртсэн байна. Түүнчлэн Монголын жүдо бөхийн холбоотой хамтран олон улсын сургалтыг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан аж. 
“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Таеквондогийн Олон Улсын Хэмжээний Мастер  Р.Сайханжаргал шалгарлаа. Тэрээр олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль, Монгол Улсын аварга шалгаруулах таэеквондогийн тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн юм. Дашрамд дуулгахад Таекэвондогийн ОУХМ Р.Сайханжаргал нь 2016 онд “Мөнгөн Арслан” шагналыг хүртсэн бөгөөд энэ онд дахин шалгарлаа. 
“Шилдэг эмэгтэй тамирчин”-аар жүдо бөхийн залуу тамирчин О.Саруул шалгарав. Тэрээр самбо, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тавдугаар байранд шалгарсан бөгөөд Монгол улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан байна.  
Харин  2017 оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар боксын залуу тамирчин Б.Буяндалай тодорлоо. Тэрээр Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс хүрэл медаль, Олон улсын боксын тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, Монгол улсын залуучуудын боксын аварга шалгаруулах  тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Монгол Улсын спортын мастер цолны болзол хангасан байна. 
Үүнээс гадна “Мөнгөн Арслан-2017” ёслолын арга хэмжээний үеэр аймгийн спортын салбарт хэрэгжиж буй “Спортын аварга” хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс гардуулан өглөө.
 
                                                                                                                                             А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ