Хот тохижилтын ажилчид УИХ-ын гишүүд болон Сангийн сайдад хандлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-20 14:49:55
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвд 75 хүн ажилладаг боловч төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшууллыг 23-т нь олгох шийд гарчээ.  Тус төвд 23 ажилчинд олгох 6900,000 төгрөг батлагдаж ирсэн бөгөөд 52 ажилчинд олгогдоогүй гэнэ. Яагаад ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүй байгаа учраас Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж энэхүү асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг явууллаа.
Тус төв нь 2014-2016 оныг хүртэл 66 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаад Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн А/35-тоот Захирамжаар 75 ажилчдын орон тоо батлагдан ажиллаж байна. "Мөрөн сумын айл өрхийн хог хаягдал, ногоон байгууламж, нохой устгал, гэрэлтүүлэг гэсэн ажлуудыг жилийн дөрвөн улиралд хариуцан халуунд халж, хүйтэнд хөрч  ажилладаг биднийг ялгаварлаж байгаад гомдолтой байна. Энэхүү гомдлоо бид эхлээд аймаг орон нутгийн удирдлагуудад бид албан ёсоор хандан бичгээр албажуулан өгөөд шийдвэрлүүлж чадаагүй учраас дараагийн хүмүүст хандаж байгаа юм. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол цаашид ажил хаях, тэмцлийн арга хэмжээг зохион байгуулах болно" гэж Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид хэлж байв.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ