Facebook компани видео холбоогоор ярих төхөөрөмж зохион бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-02 16:12:35
НЬЮ-ЙОРК./TASS/. “Facebook” компани видео холбоогоор ярихад зориулагдсан төхөөрөмжийг боловсруулж байгаа ба уг төхөөрөмжийг 2018 оны хавар танилцуулахаар төлөвлөж байгаа тухай мягмар гарагт Bloomberg агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг шинэ бүтээл дундаж нөүтбүүкний дэлгэцний хэмжээтэй  мэдрэгчтэй дисплейтэй мөн хөдөлгөөн мэдэрдэг камераар тоноглогдох аж. Уг төхөөрөмж гэрийн нөхцөлд ашиглахад зориулагдсан ба ирэх хавар уг бүтээгдэхүүнийг F8 мэргэжлийн бага хурал дээр үзүүлэн танилцуулах аж. Уг төхөөрөмжийн туршилтын загваруудыг бүтээсэн ба тэдгээрийг туршилтын журмаар ашиглаж байгаа ажээ.

Bloomberg-ийн тэмдэглэснээр, “Facebook” компани бас нэг шинэ бүтээгдэхүүн буюу гэр ахуйн техник хэрэгслийг удирдах дуу хоолойн “ухаалаг” динамикыг бүтээхээр ажиллаж байгаа аж. Тус компани энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Apple-ийн туршлагатай ажилтнуудыг татан оролцуулахыг хичээж байгаа юм. Үүнээс өмнө зарим пүүсүүд ийм төрлийн төхөөрөмжийн хувилбаруудаа танилцуулж байсан ба тэдгээрийн тоонд, “Google Assistant” цахим туслах дээр суурилан ажилладаг "Google Home" динамик багтаж байгаа юм.

Дээрх хоёр төхөөрөмжийг хоёуланг нь “Building 8” нэртэй Facebook-ийн туршилтын үйлдвэрлэлийн цогцолборын суурин дээр зохион бүтээж байгаа ажээ. Эдгээр төхөөрөмжүүд нь Android үйлдлийн систем дээр ажиллах ба Facebook-ийн зүгээс эдгээр шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа юм. 
О.Барс 


Холбоотой мэдээ