“Хааны эрэлд-2017” –д 26 орны төлөөлөл оролцож байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-24 13:23:11
Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулийн нээлт өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч  Х.Баттулга тус арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Монголын Зэвсэгт хүчин дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хөндлөнгөөс байр  сууриа  илэрхийлэх төдий бус  хүнд бэрх, хэцүү бүхнээс үл шантран энхийн  үйл ажиллагаанд  биечлэн оролцож, чадах бүхнээ хийхийг  чухалчилж ирсэн. Цаашид Монгол Улс  дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг ямагт дэмжиж,  уламжлалт  бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно” хэмээн онцлов. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, 2017 онд 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 5 тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцжээ. Энэ удаагийн "Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд