“Русский чай” өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 14:02:47

Дархан сумын “Од” цогцолбор сургуулийн орос хэлний багш нар “Монгол-Оросын найрамдлын өдрүүд”-ийн хүрээнд “Русский чай” өдөрлөг зохион байгуулав.

Өдөрлөгт Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консуль А.Ц.Доржиев, дэд консуль С.Н.Чужаев, Монгол-Оросын Хамтын нийгэмлэгийн Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүн Ш.Цэцэгмаа, БСГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Н.Сэлэнгэ болон аймгийн ЕБС-иудын орос хэлний багш нар оролцлоо. Энэ өдөр орос хэлний багш нар сургууль сургуулиараа баг болон өөрсдийн гараар хийсэн Орос үндэстний уламжлалт идээ будаагаар ширээгээ засч мөн Оросын түүхтэй холбогдолтой асуулт хариултын тэмцээн явууллаа.

Тэмцээний тэргүүн байрыг 15 дугаар сургуулийн орос хэлний багш С.Одонцэцэг, дэд байрт “Монгол-Оросын хамтын нийгэмлэг”-ийн тус аймаг дахь салбарын тэргүүн Ш.Цэцэгмаа, гуравт “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн багш Х.Оргилмаа нар шалгарав. Түүнчлэн нэгдүгээр сургуулийн орос хэлний багш нар, “Од” цогцолбор сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа. Ирэх сарын таван хүртэл үргэлжлэх найрамдлын өдрүүдийн хүрээнд аймгийн БСГ, Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулийн газар, Монгол-Оросын Хамтын нийгэмлэг хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний дотор “Орос хэлний Мини олимпиад”, “Гар зургийн уралдаан”-ыг Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдын дунд явуулж 11 дүгээр сарын таванд “Гала тоглолт”-ыг хийхээр төлөвлөжээ.

        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ