Йеменд холерын халдвар авсан хүмүүсийн тоо 200 мянгаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-06-25 13:16:21
САНАА. /ВВС/. Йемен улсад холер өвчин буюу булчин задрах тахал дэлхийн өөр ямар ч улсад тархаж байгаагүйгээр хурдацтай тархаж байна гэж НҮБ анхаарууллаа.
 
НҮБ болон ДЭМБ-аас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, дайн байлдааны хөлд нэрвэгдээд буй тус улсад холер өвчний халдвар авсан байж болзошгүй 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
 
Одоогоор уг өвчнөөр 1300 гаруй хүн нас бараад байгаагийн дөрөвний нэг орчим нь хүүхэд аж.
 
Бид энэ тахлын тархалтыг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна гэж дээрх хоёр байгууллагын албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Ердөө хоёрхон сарын хугацаанд булчин задрах тахал тус улсын бараг бүх мужид тархжээ. Өдөрт шинээр халдвар авсан 5000 орчим тохиолдол бүртгэгдэж байна.


Засгийн газрын хүчнийхэн болон лалын босогчдын “Хусит” бүлэглэлийн хооронд хоёр жилийн өмнө дайн дэгдсэнээс хойш тус улсын эрүүл мэнд, ус ба ариун цэврийн байгууламжууд эвдэрч сүйтгэгдсээр байна.

Холер буюу булчин задрах тахал бол бохир ус, хоол хүнсээр дамждаг, цаг агаар дулаарах үед тархалт нь идэвхждэг өвчин юм. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин задрах тахал туссан тохиолдолд яаралтай эмчлэх арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай.

Босогчид тус улсын газар нутгийн багагүй хэсгийг, тухайлбал нийслэл Санаа хотыг хяналтдаа аваад байгаа юм.
 
Ундны усаа цэвэршүүлж, нөөцлөх замаар өөрсдийгөө хамгаалахыг НҮБ-ын тусгай ажлын хэсгийнхэн йеменчүүдэд зөвлөж байна. Тус улс цэвэр усны хомстолд ороод байгаа аж.

28 сая хүн амтай Йеменд 18.8 сая хүн хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай амьдарч байгаа бөгөөд бараг 7 сая хүн өлсөж үхэх эрсдэл нүүрлээд байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ