“Хүн болох багаасаа” эцэг эхийн зөвлөгөөний үр дүнд тэдний хүүхэддээ хандах хандлага өөрчлөгдөнө гэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-09 12:24:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүн болох багаасаа” эцэг эхийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөн нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл дэх хүүхдийн хамгаалал, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, амар амгалан байх боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга ухаанд суралцуулахад чиглэжээ.
 
Энэ удаагийн зөвлөлгөөнд 9 сургууль, 13 цэцэрлэгийн анги бүрийн эцэг эхийн төлөөлөл, зохион байгуулагчид оролцож, хүүхдийн төлөө эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын тухай, тэдний харилцаа болон хүүхдийг хүмүүжүүлэх аргууд, эцэг эхийн зөвлөл, эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажиллах, гэр бүлд захиргааны байгууллагын дэмжлэгийг хэрхэн олгох зэрэг мэдээллийг сонсон хэлэлцүүлэг хийж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг гарган баталлаа.
 
Зөвлөгөөний үр дүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, хариуцлагын талаарх мэдлэг нэмэгдсэн, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай ойлголт хандлагад нөлөөлсөн, хүүхэддээ тавих анхаарал халамж нэмэгдсэн байна гэж үзэж байна.
 
Сонирхолтой тоо дурдахад зөвлөлгөөнд 338 хүн оролцсон ба үүнээс эрэгтэй нь 34, эмэгтэй нь 304, сургуулиас төлөөлж 74 хувь нь, цэцэрлэгээс 25 хувь нь төлөөлж иржээ. Насны ангилалаар нь үзвэл 26-35 насны 115, 36-45 насны 128, 46-60 насны 65 оролцогч байжээ. Оролцогчдийг эрхэлж байгаа ажлаар нь ангилбал төрийн албан хаагч 39, боловсролын салбарын 49, эрүүл мэндийн салбарын 34, ТББ, ААН-д ажилладаг 31, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 121, малчин 3, тэтгэврийн 3 оролцогч байсан байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ