ТББ-тай хамтарч хэрэгжүүлэх ажлын төслүүдийг хүлээн авч эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-07 00:24:52

Дархан-Уул /МОНЦАМЭ / Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар хэвлэлийн хурал хийж тус аймгийн ТББ-уудаас ирүүлсэн төсөл хөтөлбөрийг 300 сая төгрөгөөр санхүүжүүлэх болсныг мэдэгдэв.

Аймгийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр хоёр зорилт дэвшүүлсний нэг нь “Шийдвэр гаргахад иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” явдал юм. Энэ зорилтын хүрээнд төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталж үйлдвэржилт, дэд бүтцийн болон нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Аймгийн орон нутгийн төсөв болон “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах журамд зааснаар үйлдвэрлэл дэд бүтэцэд нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг, нийгмийн бодлогын чиглэлээр 30 хувийг зарцуулна. Иргэдийн ирүүлсэн төсөл тус бүрийн дээд хэмжээ гурван сая хүртэл, аж ахуйн нэгжид 10 сая хүртэл сая төгрөг байх юм. Төслийн 70 хувиас дээш нь капиталжих буюу биет эд зүйлс, 30 хүртэлх хувь нь биет бус байхаар тусгагджээ.

Мөн тухайн ажлыг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн дадлага туршлагатай олон нийтэд танигдсан татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй, хуулийн этгээд холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх зэрэг шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулах юм байна. Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх төслийг энэ сарын 14-ний өдрөөр, үйлдвэрлэл дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх төслийг 20-ноор тасалбар болгон хүлээн авахаар болсныг зарлалаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ