Си Зиньпин Их Британид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-19 11:26:53

БЭЭЖИН. /TASS/. Их Британи болон Европын Холбооны /ЕХ/ бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мөн эрчим хүч, худалдаа, санхүү, тээвэр, инновац болон хүмүүнлэгийн салбарт төсөл хэрэгжүүлэх асуудал Хятадын дарга Си Зиньпиний Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийх хэлэлцээний гол сэдэв байх болно. Түүний айлчлал 10 дугаар сарын 19-23 хүртэл үргэлжилнэ.

“Энэ удаагийн айлчлал нь Хятад-Их Британийн харилцааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, бүх салбарт манай хоёр орны хамтын ажиллагаанд практик түлхэц өгч, мөн стратегийн иж бүрэн түншлэлийн алтан үе рүү хамтдаа орох боломжийг манай хоёр оронд олгоно гэдэгт би найдаж байна” гэж Хятадын дарга хэлснийг Синьхуа агентлаг уламжилж байна.

Хөрөнгө оруулалтын салбар дахь эргэлт

Ирэх 10 жилд бусад оронд оруулж буй Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, нийт 1.25 триллион доллар болно гэж Си Зиньпин мэдэгджээ. “Энэ нь Хятад болон Их Британийн хувьд хамтран ажиллахад маш том боломж олгоно” гэж тэрбээр үзэж байна. "Хоёр орны компаниуд мөн олон улсын үйлдвэрлэлийн сүлжээнд нэгдэж, хөгжих боломжоо хуваалцах зорилгоор гурван талын төслүүдэд оролцох боломжтой" гэж Си Зиньпин нэмж хэлжээ.

Тэрбээр Хятадын компаниудыг олон улсын зах зээлд гарахыг тус улсын Засгийн газар дэмжиж байгааг мэдээлсэн байна. “Энэ үйл явц нь зах зээлд баримжаалсан, харин компаниуд энэ үйл явцын гол хөдөлгөх хүч байх ёстой гэж бид үзэж байна. Засгийн газрын зорилго нь Хятадын компаниудад  ажиллахад таатай орчныг, мөн хууль эрх зүйн үндсийг бий болгох юм” гэж Си Зиньпин онцлон тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, санхүүгийн зах зээлд хоёр орны түншлэлийг бэхжүүлэх нь багагүй чухал асуудал юм. “Лондон Хятадын санхүүгийн зах зээлийг шинэчлэхэд оролцон, хосгүй боломжоо ашиглаж болох юм” гэж Си Зиньпин тайлбарласан байна.

ЕХ-нд хоёрдугаарт

Хоёр талын худалдааг бэхжүүлэхэд Хятадын эрх баригчид багагүй анхаарал хандуулж байна. Тус улсын Худалдааны сайд Гао Хучэний ням гарагт мэдэгдсэнээр, “одоогийн байдлаар Хятад, Их Британийн худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд бараа эргэлтийн хэмжээ тогтвортой өсөх, харилцан хөрөнгө оруулалт нэмэгдэх болон хамтын ажиллагааны салбарууд өргөжих хандлага ажиглагдаж байна”. Түүний хэлснээр, Их Британи бол ЕХ дахь Хятадын хоёр дахь том худалдааны түнш юм.  2014 онд хоёр орны бараа эргэлтийн хэмжээ 15.3 хувиар өсч, 80.87 тэрбум долларт хүрчээ.

“Их Британи Азийн хөрөнгө оруулалтын банканд үүсгэн байгуулагч орны хувиар нэгдэх болон Английн хойд бүс нутгуудыг сэргээх төлөвлөгөө нь хоёр орны үйлдвэрүүдэд томоохон боломж олгоно” гэж Гао Хучэн онцлон тэмдэглэсэн байна.

Энхийн зориулалттай цөмийн салбар дахь түншлэл

Си Зиньпиний айлчлалын хүрээнд Английн баруун өмнөд нутагт оршдог Хинкли-Пойнт болон Сомерсет гүнлэгт атомын цахилгаан станц /АЦС/ байгуулах тухай гэрээ байгуулж магадгүй гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Ирж байгаа мэдээллээс үзвэл, уг АЦС-ын төслийн өртөг  16 тэрбум фунт стерлинг буюу 26 тэрбум доллар аж.  “China General Nuclear Power Corporation” тэргүүтэй Хятадын компаниуд Их Британид АЦС-ын гурван шинэ төсөл хэрэгжүүлэхэд Францын компаниудтай хамтран ажиллах талаар тусгасан хамтын ажиллагааны гэрээнд Хятад болон Францын Засгийн газрын төлөөлөгчид зургадугаар сард гарын үсэг зурсан” гэж CGN корпорацийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ху Гуанъяо урьд нь мэдэгджээ.

Дипломат үйл явдал

Энэ жил Бээжин, Лондоны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан харилцан ойлголцолд хүрэхийг "Жэньминь жибао" сонинд уриалж байна. “Нийгмийн тогтолцоо болон үзэл суртлын хувьд Хятад болон барууны орнууд хоорондоо ялгаатай байдаг” гэж тус сонинд гарсан нийтлэлд дурджээ. “Хятад болон Европ харилцан итгэлцлээ бэхжүүлж, санал зөрөлдөөнөө даван туулж, холбоо тогтоох шинэ арга замыг хайх хэрэгтэй” гэж тус сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ