Клубүүдийн ДАШТ-ий аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 10 /TASS/. АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Францын "Пари Сен-Жермен" багийн хөлбөмбөгчид Испанийн “Реал” багийг 4:0 харьцаагаар бут ниргэж, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон уг тоглолтод “ПСЖ”-гийн испани хагас хамгаалагч Фабиан Руис 6, 24 дахь минутад өрсөлдөгч багийн хаалганд гоол оруулж, дубль хийсэн бол Усман Дембеле 9 дэх минутад, Гонсалу Рамуш 87 минутад гоолджээ.
Замын хөдөлгөөний түгжрэлийн улмаас багууд цэнгэлдэхэд цагтаа амжиж ирж чадаагүй тул тоглолт 10 минут хоцорч эхэлсэн байна
“Реал” баг 2003 оны 11 дүгээр сараас хойш анх удаа тоглолтын эхний 24 минутад гурван гоол алдлаа. Харин “ПСЖ” 2018 оны дөрөвдүгээр сараас хойш ийм богино хугацаанд анх удаа гурван гоол оруулжээ.
“Реал” багийн хамгаалагчид болох Даниэль Карвахаль, Эдер Милитао нар хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарчээ. Тэд өвдөгний хүнд бэртлийн дараа анх удаа талбайд гарсан байна. Харин 39 настай Хорватын хагас хамгаалагч Лука Модричийн хувьд энэ тоглолт нь “Реал”-ын бүрэлдэхүүнд хийсэн сүүлчийн тоглолт байв. “ПСЖ”-гийн орос хаалгач Матвей Сафонов тоглолтыг сэлгээний сандал дээр өнгөрүүлжээ.
Финалын тоглолтод “ПСЖ” Английн “Челси”-тэй өрсөлдөнө. “Челси” хагас шигшээд Бразилын “Флуминенсе” багийг 2:0-ээр хожсон юм. Аваргын төлөөх тоглолт долоодугаар сарын 13-нд Ист-Ратерфорд хотод болно.