Санамж бичигт гарын үсэг зурлаа
ВИДЕО МЭДЭЭНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг нар өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Олон улсын мэдээллийн агентлагуудын жишгээр улс үндэстнийхээ нэрийн хуудас болсон нийслэл хотынхоо хөгжил дэвшил, ололт амжилтын тухай бодит мэдээ мэдээллүүдийг гадаад хэлээрх хэвлэлүүд болон цахим сүлжээгээрээ цаг алдалгүй шуурхай мэдээлэх нь МОНЦАМЭ-гийн нэгэн үүрэг гэдгийг агентлагийн дарга энэ үеэр онцлов. Харин хотын мэр “95 жилийн түүхтэй, Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон мэдээллийн ууган байгууллагад зочилж байгаадаа баяртай байна” гээд Монгол Улсын хүн амын 40 орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг хэрхэн аз жаргалтай хот болгох талаар хийж бүтээж байгаа ажлаасаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. С.Батболд дарга мөрийн хөтөлбөртөө нийслэл хотын оршин суугч бүрийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилтыг дэвшүүлсэн билээ.