ХОВД: Буянт гол дагуу зусланд гарахыг иргэдийн дийлэнх нь дэмжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-14 16:18:01

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Буянт голыг хамгаалах талаар олон нийтийг хамарсан уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

 

Энэ үеэр Буянт голын зуслангийн бүсийн өнөөгийн нөхцөл байдал, хөрс, усны чанарын судалгааны үр дүнг иргэдэд танилцуулж, Буянт голын экосистемийг хамгаалах, зүлэг, усны түвшнийг сэргээх ажлыг үе шаттай зохион байгуулах чиглэлээр санал солилцов.

Буянт голын усны түвшин жил бүр багасаж, бохирдол нэмэгдэж байгаа нь хүний буруутай үйл ажиллагаа, зуслангийн бүсэд стандартын шаардлага хангаагүй бие засах газар, ахуйн хог хаягдал их хэмжээгээр үүссэнтэй холбоотой гэдгийг судлаачид тодорхойлжээ.

 

Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдардаг 1000-2000 орчим өрх зуны улиралд Буянт гол дагуу зусланд гардаг. Мөн иргэд амарч зугаалахдаа хүрээлэн буй орчноо бохирдуулж, ил задгай хог хаях, бие засах, голын усанд машин угаах, зүлгэн дээр машинаа тавих гэх мэт зөрчил гаргаж байна. Иймээс мэргэжлийн байгууллагууд зөрчлийг бууруулах ажлыг чухалчиллаа.

 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт байгаль орчны салбарынхан болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож, Буянт голыг хамгаалахын тулд төр - хувийн хэвшил - иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, хамгаалалтын бүс тогтоох, хог хаягдал, бие засах газрын асуудлыг шийдвэрлэх чиглэлд шинэ технологи, шийдэл нэвтрүүлэх, иргэдийн ухамсар, хандлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар олон санал хэллээ.

 

Ховд аймгийн иргэд Буянт голын хөвөөнд олон жил амарч, зуслангийн зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Гэвч байгаль орчин, гол усаа хамгаалах, нөхөн сэргээх шаардлага үүссэнийг онцолж, Буянт голын зуслангийн бүсэд айл буухыг тодорхой хугацаанд хориглох тухай мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлттэй зарим иргэн санал нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь усны бохирдол, хомсдолоос сэргийлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 


Үүнээс гадна мэргэжлийн байгууллагаас айл өрхийг 2-3 жил Буянт голын ай сав дагуу зусланд гаргахгүй байх талаар санал асуулга авчээ. Түүврийн аргаар зохион байгуулсан тус санал асуулгад оролцсон иргэдийн 65-70 гаруй хувь, төрийн албан хаагчдын 92 хувь нь Буянт голын эрэг дагуу зусланд гарахыг хориглох, хязгаарлахыг дэмжжээ.


Буянт голыг хамгаалах талаар олон нийтийг хамарсан санал асуулга, судалгаа, уулзалт, хэлэлцүүлгийг цаашид үе шаттай зохион байгуулах талаар Жаргалант сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ