ХОВД: Буянт голын хамгаалалтын асуудлаар санал солилцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Буянт голыг хамгаалах талаар олон нийтийг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Тус уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь:
- Буянт голын
хамгаалалтын асуудлаар санал солилцох
- Буянт голын зуслангийн
бүсийн өнөөгийн нөхцөл байдлыг иргэдэд танилцуулах
- Айл өрхийг 2-3 жил Буянт
голын ай сав дагуу зусланд гаргахгүй байх талаар Засаг даргын шийдвэр болон цаашдын
ажлыг төлөвлөхөд иргэдийн санал бодлыг сонсож тусгах
- Урьдчилсан байдлаар иргэдээс
авсан санал асуулгын дүн мэдээллийг танилцуулах
- Усны сан бүхий газар,
усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг
мөрдөх журмын хэрэгжилтийг хангахад чиглэх юм.
Уулзалт, хэлэлцүүлэг 2026
оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагт Ховд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их
танхимд болох ба төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн
төлөөлөл, оролцох хүсэлтэй иргэн бүрд нээлттэй гэдгийг Жаргалант сумын ЗДТГ-аас танилцуулав.
Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдардаг 1000-2000 орчим өрх зуны улиралд Буянт гол дагуу зусланд гардаг.
Зарим иргэн хүрээлэн
буй орчноо бохирдуулж, ил задгай хог хаях, бие засах, голын усанд
машин угаах, зүлгэн дээр машинаа тавих гэх мэт зөрчил гаргаж байна. Иймээс
мэргэжлийн байгууллагууд зөрчлийг бууруулах, ус, хөрс, орчны бохирдлыг
багасгах, Буянт голын экосистемийг хамгаалах, зүлэг, усны түвшнийг сэргээх ажлыг
үе шаттай зохион байгуулж эхэллээ. Мөн Усны тухай хууль
болон Хог хаягдлын тухай хуулийг иргэдэд сурталчлах, Буянт голын эрэг дагуу айл
өрх зусланд гарахыг түр хугацаанд хориглох, хязгаарлах тухай иргэдээс санал авах
ажлууд үргэлжилж байна.
Дээрх уулзалт, хэлэлцүүлгийн явцад:
- Буянт гол дагуу хэрэгжүүлсэн
үйл ажиллагаа, цаашдын бодлого, төлөвлөлт
- Буянт голын өнөөгийн
нөхцөл байдал, хууль эрх зүй
- Буянт голын сав газрын
хөрс, усны чанарын судалгаа
- Буянт голын усны түвшний
хэмжилтийн явц, хандлага
- Буянт голын хөрс, усны
шинжилгээний дүн
- Буянт голын хог хаягдал,
бие засах газрын асуудал
- Буянт голын ай сав дагуу
газарт зөрчил гаргасан иргэдэд хүлээлгэх хуулийн хариуцлага, камержуулалт
- Буянт гол дагуух зөрчил,
цаашид нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
морьт эргүүл хийх талаар
- Буянт гол дагуу иргэдийг үер усны гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тухай зэрэг асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулна. Улмаар уулзалтад оролцогчдын саналыг сонсож, албаны төлөөлөл асуултад хариулах ба уулзалт хэлэлцүүлгээс гарсан үр дүнг танилцуулахаар төлөвлөжээ.

Буянт гол нь Монгол алтайн нуруу,
Хөх сэрхийн нурууны мөнх цас мөсөн голуудаас эх аван урсдаг бөгөөд жил бүр
голын усны түвшин багасаж, бохирдол нэмэгдэж байгаа нь хүний буруутай үйл
ажиллагаа, зуслангийн бүсэд стандартын шаардлага хангаагүй бие засах газар,
ахуйн хог хаягдал их хэмжээгээр үүссэнтэй холбоотой гэдгийг судлаачид тогтоосон
байдаг.
Мөн тус голын хувьд өндөр уулын
хөндийгөөр 171.8 км урсахдаа олон саад бэрхшээлийг туулж, зарим ай сав тасарсан
тохиолдол гараад байгаа нь цаашид анхаарах шаардлагатай. Усны нөөц багасаж, орчны нөлөөгөөр хөрс
бохирдож экосистем алдагдах, цаашид анхаарахгүй бол ширгэж үгүй болох
магадлалтай гэж судлаачид тодорхойлжээ.
Ховд аймгийн иргэд Буянт голын
хөвөөнд олон жил амарч, айлууд зусланд гардаг уламжлалтай ч одоо байгаль орчин,
гол усаа хамгаалах, сэргэх боломж олгох цаг иржээ.
Буянт голын зуслангийн бүсэд айл
буухыг тодорхой хугацаанд хориглох шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын
зөвлөмж, дүгнэлттэй зарим иргэд санал нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Энэ нь
усны бохирдол, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэх,
байгалийн тэнцвэрт байдлыг хангахад давуу талтай юм.