ХОВД: Хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-02 11:09:04

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах, давтан сургах, хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий онол, дадлага хосолсон сургалт Ховд аймагт болж байна.

Сургалтыг Ховд аймгийн Боловсролын газрын хүсэлтээр Боловсролын яамны харьяа Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн сургагч нар удирдан явуулж буй. Энэ нь хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөрийн зургаа дахь ээлжийн сургалт гэдгээрээ онцлогтой.

Сургалтад Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын 24 сургууль, 35 цэцэрлэгээс 80 гаруй тогооч хамрагдаж байна. Тэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, менежмент, бага насны хүүхдийн хоол тэжээлийн онцлог, хоол үйлдвэрлэлийн технологи, шим тэжээлийн үндсэн ойлголт зэрэг олон чиглэлээр мэдлэг, чадвараа дээшлүүлж буй. 

Энэ сургалт нь Монгол, БНСУ-ын мэргэжлийн багш нар хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон хөтөлбөрөөр явуулж байгаа юм. Тогооч нарын ур чадвар ахиснаар хоол бэлтгэх технологи, эрүүл ахуйн стандарт мөрдөлт сайжирч, хүүхдийн хоолны чанар, шим тэжээл илүү нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж салбарынхан онцоллоо. Сургалт 14 хоногийн хугацаанд үргэлжилж, энэ сарын 3-ны өдөр өндөрлөх бөгөөд оролцогчдод хүүхдийн хоолны тогоочоор мэргэшсэн гэрчилгээ олгох юм. 

Холбоотой мэдээ