Хуванцрын хаягдлаар бүтээж буй миний ирээдүй

МОНГОЛ ХЭМНЭЛ
b.tuul@montsame.gov.mn
2026-02-03 08:10:10

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Намайг Даваасүрэнгийн Нандин гэдэг.


2023 онд найз нартайгаа нийлж хуванцрын хог хаягдлыг бууруулах шинэлэг шийдэл олохоор INMO буюу “Innovation Mongolia” компаниа байгуулж байлаа. Анх компаниа байгуулж байхад олон бэрхшээлтэй тулгарч байсан. Гэхдээ бууж өгөөгүй. Олон удаагийн оролдлогын дараа эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж аваад, багийнхнаараа маш их бахархаж байж билээ.


Монголчууд бид хог хаягдлын асуудал ямар аюултай хэмжээнд хүрснийг мэддэг ч ойшоох нь бага. Үнэндээ, энэ талын мэдлэг дутмаг байдаг. Ийм цаг үед шинэ үеийн залуус бид гараа хумхиж суух нь утгагүй. Өнгөрсөн жил бид 4.4 тонн хаягдлыг дахин боловсрууллаа. Энд нэг жижигхэн түүх өгүүлэхэд, 2025-2026 оны зааг дээр бид хуванцрын хаягдлаар хийсэн гацуурын чимэглэлээ худалдаанд гаргаж, бараг 1000-аадыг борлуулсан. Манайхаас гарч байгаа ихэнх бүтээгдэхүүн бэлэг дурсгалын зүйлс байдаг.


Манай бүтээгдэхүүнийг авсан хүмүүс “Хөөх, хог хаягдлаар ийм гоё, хүнд хэрэгтэй зүйл хийж болдог юм байжээ. Хогоо ангилж, дахин боловсруулах хэрэгтэй юм байна” гэсэн бодол төрөөсэй гэж хүсдэг. Гэхдээ хог хаягдал гэхээр нэг их овор хэмжээтэйгээр битгий төсөөлөөрэй.


Долоон ширхэг бөглөө нэг түлхүүрийн оосор болдог гээд бод доо. Бид цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, нэг жилд 300-350 тонн хаягдлыг дахин боловсруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс хуванцрын хаягдлын хэмжээг бууруулж, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө монгол хүн бүрийг нэгдээсэй гэж уриалж байна.


Бид бас өөрсдийн үйл ажиллагааг үйлдвэрлэлээр хязгаарлаагүй. Шинэ санаа хэрхэн шинэлэг инновацын бүтээгдэхүүн болдгийг бусдад ойлгуулахыг өнгөрсөн хугацаанд хичээж ирсэн. Хамгийн сүүлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор NTV телевизээс зохион байгуулж буй “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт оролцож, шилдэг 9-ийн нэгээр тунаж үлдээд байна.

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ