Монгол хөөмэйг "нэрийн хуудас"-аа болгосон эмэгтэй
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аливаа зүйлд амжилт гаргах хамгийн чухал чанар бол тууштай байдал гэж би боддог.
Хөөмэй ч ялгаагүй. Дурлаж, чин сэтгэлээсээ хичээж, шантралгүй байж чадвал болохгүй зүйл гэж үгүй. Эмэгтэй хүн хөөмэй сурах боломж бүрэн бий. Заавал мэргэжлийн түвшинд хүртэл сурах албагүй. Хөөмэй бол монгол хүний “нэрийн хуудас” болсон язгуур өв соёл. Энэ урлагийг эзэмшсэнээрээ би үргэлж өөрөөрөө бахархдаг. Монгол гэдэг нэрийг дэлхийд таниулах нэгэн сайхан “чимэг”-тэй болсон ч гэж өөрөө өөртөө хэлдэг.
Миний хөөмэйч болсон маань ижий аав хоёртой минь холбоотой. Тэд маань Увс аймгийн "Ойрад" хөгжимт драмын театрт олон жил ажиллаж, урлагийг амьдралынхаа утга учир болгосон хүмүүс. Би театрын тайз, гэрэл, хөгжим, уран бүтээлчдийн дунд өсөж дээ. Тиймээс Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид элсэж, оркестрын хөгжимчин, ятгачин мэргэжлээр төгссөн. Дараа нь МУИС-ийн Ардын урлаг судлалын тэнхимд элсэн суралцлаа. Тэр үе бол миний амьдралын эргэлтийн цэг болсон юм. Доктор, профессор Р.Оюунбатын зөвлөснөөр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөөмийч Б.Одсүрэн багштайгаа учирч, Монголынхоо язгуур үнэт өвтэй жинхэнэ утгаараа холбогдсон.
Суралцаад удаагүй байхад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад болсон
“Дыхание земли” олон улсын хөөмэйн уралдаанд оролцож, Гран при хүртлээ.
Үүний дараа ҮДБЭЧ-д анхны эмэгтэй мэргэжлийн хөөмэйчээр ажиллах урилга авч,
уран бүтээлийн гараагаа эхлүүлж байлаа. Цаашлаад СУИС-д хөөмэйн гоцлоочоор
магистрын зэрэг хамгаалж, БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр “Korean National
University of Arts”-т урлаг судлалын чиглэлээр дахин магистрын боловсрол
эзэмшсэн. Өдгөө “Оргил” олон улсын сургуульд ажиллаж, МУБИС-ийн Боловсрол
судлалын сургуулийн докторантад суралцахын зэрэгцээ хөөмэйн сургалтыг ерөнхий боловсролын
хөтөлбөрт хэрхэн нэвтрүүлэх талаар судалгаа хийж байна.
Цаашид сургалтын төвөө нээж, хөөмэйн урлагийг сонгох, сонирхох залууст гүүр болж, монгол өв соёлоо илүү олон хүнд ойртуулахыг зорьж явна.
Хөөмэйч А.Ундармаа
Улаанбаатар